Хүнд хиймэл цус сэлбэжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Их Британид лабораторийн нөхцөлд гаргаж авсан цусны улаан эсийг сайн дурын хоёр хүнд хийжээ. Энэхүү туршилтыг Кембрижийн их сургууль Бристолийн их сургуультай хамтран явуулж байна. Ийнхүү дэлхийд анх удаа хүнд хиймэл цус сэлбэжээ.

Туршилтаар хоёр сайн дурын оролцогч тус бүр 5-10 мл хиймэл цус хийлгүүлжээ. Судалгаанд 10 хүн оролцох ёстой ба оролцогч бүр дөрвөн сарын зайтай хоёр тун хиймэл цус хийлгэх аж. Цусны улаан эсийг гаргаж авахын тулд хоёр донорын цуснаас үүдэл эсийг ялгаж авсан байна. Өнөөг хүртэл хангалттай хэмжээний цусны улаан эс гаргаж авч чадаагүй нь ийм төрлийн судалгаа явуулахад саад болж байжээ.

Хэрэв энэхүү арга аюулгүй болох нь батлагдвал ховор бүлгийн цустай өвчтөн болон зарим удамшлын өвчтэй хүмүүсийн эмчилгээг хөнгөвчлөхөд хиймэл цус үлэмж хэмжээний үүрэг гүйцэтгэнэ. Энэ судалгаа нь хадуур эсийн цус багадалттай өвчтөнүүдэд ихээхэн найдвар төрүүлж байна. Учир нь ийм төрлийн өвчтэй хүмүүст ихэнх бүлгийн цусны эсрэг биет үүссэн байдаг тул донорын цус сэлбэхэд туйлын хүнд байдаг гэнэ. Лабораторид гаргаж авсан цусны улаан эсийн амьдрах чадвар нь донор цусныхаас илүү өндөр байдаг байна. Үүний ачаар байнга цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн эмчилгээний давтамж буурах боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top