Хятадын чинээлэг хүмүүсийн хөрөнгө 18 хувиар буурчээ

2022 оны 11 сарын 11

Жэк Ма зэрэг Хятадын супер баян тэрбумтнууд Украины дайны нөлөө болон цар тахлын хязгаарлалт зэргээс үүдэлтэйгээр хөрөнгө нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн их уналтад орсон байна. Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурч, 3.5 их наяд ам.долларт хүрснийг “Hurun China Rich List” мягмар гарагт нийтэлсэн байна.

Хамгийн багадаа таван тэрбум юань буюу 690 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийг жагсаасан жагсаалтад ердөө 1305 хүн орсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлт аж.

Жагсаалтыг гаргасан ахлах судлаач Руперт Хугеверф "Энэ жил Хятадын баячуудын жагсаалтад сүүлийн 24 жилийн хамгийн том уналт ажиглагдлаа" гэжээ. Тэрбээр энэ уналтад үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн салбарын бизнес эрхлэгчдийн алдагдал голлон нөлөөлсөн талаар онцолжээ. Хятадын “Тэг КОВИД” хатуу бодлого, түгжрэл, олон нийтийн шинжилгээ, хорио цээрийн дэглэм нь тус улсын эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Саяхан Ши Жиньпин дарга эрх мэдлээ бататгаж, Бээжин шийдвэр гаргахдаа эдийн засаг гэхээсээ илүү үзэл сурталд анхаарлаа хандуулж байгааг илтгэж байгаа нь эдийн засгийн талаар гутранги үзлийг төрүүлэв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын хувьцааны ханш уналтад орсон. Шанхайн нийлмэл индекс 12.6 хувиар буурсан бол Хонконгийн “Hang Seng” индекс 33 хувиар буурсан байна.

Хятадын цахим худалдааны аварга Алибабаг үүсгэн байгуулагч Магийн хөрөнгө 29 хувиар буурч, 25.7 тэрбум ам.долларт хүрч, баячуудын жагсаалтад дөрвөн байр ухарч есдүгээр байрт оржээ. “ByteDance”-ийг үүсгэн байгуулагч Жан Имингийн хөрөнгө 28 хувиар буурч, 35 тэрбум ам.доллар болсон бол “Tencent”-ийг үүсгэн байгуулагч Пони Магийн хөрөнгө 32 хувиар буурч, 30.7 тэрбум ам.доллар байна.

Нийтдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 29-өөр буурч, 56 болсон бол ам.долларын тэрбумтнуудын тоо 239-өөр буурч, 946 болжээ. Хэдийгээр багассан ч баячуудын жагсаалт таван жилийн өмнөхөөс 50 хувиар өссөн хэвээр байгаа аж.

Хятадын Засгийн газар “КОВИД-19”-ийн эсрэг хяналтын хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, Бээжин хотын нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх ёстой. Мөн хүн амыг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд тогтмол хамруулж байгаагаас гадна, дэлгүүрүүд болон бусад бүх олон нийтийн байгууллагад "Эрүүл мэндийн код"-оо үүдэнд нь заавал шалгуулах ёстой. Энэ нь ухаалаг гар утасны программ бөгөөд тухайн хүн сүүлийн хэдэн өдөр тахлын хүчин зүйлд албан ёсоор өртөөгүй болохыг баталдаг байна. Тус улсад халдварын (өндөр эсвэл дунд) эрсдэлтэй суурьшлын бүсийн тоо 5700 орчим болсон байна. Яг жилийн өмнө ийм бүсийн тоо 70 гаруйхан байжээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top