Өнөөдөр 2022.11.11-ний өдөр.
Арваннэгдүгээр сарын 11-ний дөрвөн нэг давхацсан энэ өдрийг зарим улс орнууд тэмдэглэлт баярын хэмжээнд өнгөрүүлдэг.
БНСУ-д энэ өдрийг "Пеперо өдөр" гэж нэрлэх нь бий.
"Пеперо" шоколадтай урт нарийн жигнэмэгийг хайртай хүн болон найз нөхөд, хүндэлдэг хүмүүстээ өгч, сэтгэлээ илчлэх нь энэ өдрийн гол зорилго. Нэг ёсондоо Өмнөд Солонгост энэ өдөр "Гэгээн Валентин"-ы баярын өдөр гэхэд хилсдэхгүй.
"Пеперо өдөр"-тэй холбоотой БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО
Хэрэв та анзаарсан бол БНСУ-ын сүлжээ дэлгүүр болох "CU"-д "Пеперо" жигнэмэг худалдан авсан тохиолдолд нэгийг бэлгэнд өгөх урамшуулал эхлээд буй. Хэрэв хэн нэгэн танд өнөөдөр "Пеперо" бэлэглэвэл сэтгэлээ илчилж байна гэж ойлгоход буруудахгүй.
Энэ өдөрт зориулан "Пеперо" жигнэмэгийн тусгай хувилбарууд худалдаанд гардаг. Энэ жил ч мөн олон шинэ төрлүүд дэлгүүрүүдэд түгээгдсэн байна.
Энэ өдөртэй холбоотой өөр нэгэн түүх бий.
"Пеперо" жигнэмэг шиг өндөр туранхай болохыг хүссэн хоёр сурагч охин жигнэмэгийг 11.11-ний өдөр санамсаргүй солилцжээ.
Энэ өдөр яг л зэрэгцүүлэн тавьсан "Пеперо" жигнэмэг шиг харагдсан учир тэд цаашид ч мөн энэ өдрөөр "Пеперо" солилцож байхаар тохиролцсон гэнэ.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 11-нд ач холбогдол өгдөг болсныг "Lotte" компани бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд зохиосон өдөр хэмээн нэрлэх нь ч бий.
Анх зарлагдсан даруйд "Пеперо"-гийн борлуулалт 50 хувь нэмэгдсэн гэгддэг бөгөөд худалдан авагчдадаа зориулсан энэ соёл, менежмент улам түгэн дэлгэрч, үндэсний хэмжээний өдөр болон хувирчээ.
Харин Хятад улсад энэ өдрийг "Ганц бие хүмүүсийн өдөр" гэж зарлан тэмдэглэдэг. Энэ өдөр онлайн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулдаг. Секунд тутамд хэдэн мянган бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг байна.
Манай улсад ч мөн арваннэгдүгээр сарын 11-ний баасан гарагийг тохиолдуулан худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )