Эрээн хотод энэ сарын 10-12-нд хөл хорио тогтоолоо

2022 оны 11 сарын 11

Хятадад коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэний улмаас нисэх буудлуудад нислэгүүдийг олноор цуцалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Гуандун мужийн Гуанжоу хотын нисэх буудал нийт нислэгийн 89 хувь буюу 1163 нислэгийг цуцалсан байна. Энэ хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас есөн сая гаруй хүн амьдардаг таван дүүрэгт бүх нийтийг шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Харин Бээжин хотын Шоуду нисэх буудалд 718 нислэг, Дасинд 767 нислэг цуцлагджээ. Энэ нь эдгээр нисэх буудлуудын нийт нислэгийн 75-86 хувийг эзлэж байгаа юм. Түүнчлэн Өвөр Монголын Хөх хот, Жэнжоу хотод ч нислэг цуцлагджээ. Корона вирусний халдвартай тэмцэж байгаа энэ хоёр хотод нислэгийг бүрэн зогсоосон гэж эх сурвалж мэдээлсэн байна.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний халдварын хоёр тохиолдол батлагдсанаар энэ сарын 10-12-нд хөл хорио тогтоож, иргэдээс нь шинжилгээ авахаар болсон байна. Заасан хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн “сөрөг” гарсан шинжилгээний хариутай байхыг шаардаж байгаа аж. Одоогоор улс хоорондын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа ч хөл хорионы үеэр аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ. Үүнээс гадна ӨМӨЗО-ы Хөх хотод есдүгээр сарын 30-наас иргэдийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Коронавирусний халдварын тархалт өндөр байгаа учир цаашид ч хязгаарлалт үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн БНХАУ-ын Гуанжоу хотын хоёр дүүрэгт хөл хорио тогтоогоод байгаа юм.

 

“Goldman Sachs”: БНХАУ сарын дараагаас хөл хориогоо цуцалж магадгүй

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр БНХАУ “Тэг КОВИД” бодлогоо цуцалж магадгүй гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Хонконг болон Хятадын хувьцааны ханш өссөн. Харин “Goldman Sachs”-ийн эдийн засагчид Хятад улс хөл хориогоо цуцлахад багадаа сар болно гэж үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын эрүүл мэндийн албаныхан тус улс хяналтаа цуцалж эхэлсэн ч Засгийн газар “Тэг КОВИД” бодлогоо тууштай баримтлана гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ уг мэдэгдэл арилжаануудад төдийлөн нөлөөлөхгүй байна.

Даваа гарагт Азийн “Hang Seng Tech” индекс таван хувиар өссөн байна. Хуй Шан тэргүүтэй “Goldman Sachs”-ийн эдийн засагчид ням гарагт хийсэн тэмдэглэлдээ "Хонконгийн албан ёсны мэдээлэлд үндэслэн өндөр настнуудын вакцинжуулалтын түвшин бага хэвээр байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд нас баралтын тохиолдол өндөр байгаа тул хөл хориогоо зогсоож, нээлттэй болоход дахин хэдэн сарын хугацаа шаардлагатай” гэж дүгнэжээ.

Тус улс хөл хориогоо бүрэн цуцалсан үед Хятадын хувьцаа 20 хувиар өснө гэж эдийн засагчид таамаглаж байна. “Goldman Sachs” Хятад улс 2023 оны хоёрдугаар улиралд дахин нээгдэнэ гэж үзэж байна. Харин Кингер Лау зэрэг эдийн засагчид "Хөрөнгийн зах зээлүүд олон улсад дахин нээгдэхээс илүүтэйгээр орон нутгийн бодлогыг зөөлрүүлэхэд илүү эерэг хариу үйлдэл үзүүлдэг” хэмээжээ. Хонконгийн Засгийн газрын хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад 80 ба түүнээс дээш насны хүмүүсийн ердөө 60.81 хувь нь вакцины гурван тунд хамрагджээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top