9 настай охиндоо гоо сайхны мэс засал хийлгэсэн ээж ШҮҮМЖЛЭЛД өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

 

9 настай япон охин илүү өхөөрдөм дүр төрхтэй болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэжээ. Энэ тухай охины ээж болон охин олон нийтэд нээлттэй зарласан нь шүүмжлэлд өртөхөд хүргэжээ. 

Тэд хамтдаа юүтүб хуудаснаа влог оруулдаг бөгөөд мэс заслын үеэр тохиолдсон зүйлс болон чухам яагаад мэс засал хийлгэх болсон тухайгаа дэлгэрэнгүй хуваалцсан байна. 

Япон улс гоо сайхны мэс засалд орогсдын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Тус улсад эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хүүхдэд мэс засал хийхийг зөвшөөрдөг байна.

Өсвөр насныхан болон охид бүсгүйчүүдийн дунд нэгнийгээ гадаад үзэмжээр нь шүүмжлэх тохиолдол их байдаг учраас гоо сайхны мэс засал хийлгэх нь элбэг байдаг аж. 

 

 

Миччи oхин давхраа хийлгэх мэс ажилбарт оржээ. 20 минут үргэлжилдэг давхрааны мэс засал охины биеийн байдал, сэтгэл зүйгээс хамааран хоёр цаг орчим үргэлжилжээ.

Мэс заслын дараах гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байгаа охины ирээдүйд олон нийт санаа зовинож эхэлсэн байна.

Охины ээж Рюүччи 18 нас хүрэх үедээ давхраа хийлгэжээ. Учир нь түүний ээж болон эгч нь давхараатай алаг нүдтэй бол Рюүччи давхраагүй байсан нь түүний сэтгэлийг багагүй шархлуулж байсан гэнэ.

Хүмүүс тэднийг бага байх үед эгчийг нь өхөөрдөн, амттан авч өгдөг байсан бол Рюүччид тийм зүйл тохиолдож байсан удаагүй гэжээ. 18 нас хүрмэгцээ мэс засалд орсон тэрээр илүү залуу байхдаа мэс засалд орох хэрэгтэй байж хэмээн харамссан тухай ярьсан бөгөөд энэ сэтгэлээрээ охиноо 9 настай хүрэхэд нь давхраа хийлгэх сонголт хийжээ.

 

 

Түүний энэхүү үйлдлийг нэгэн сэтгэл судлаач өөрийн өнцгөөс тайлбарлажээ.

Рюүччи багадаа авсан сэтгэл зүйн гэмтлээсээ үүдэн охиноо мэс засалд оруулсан тухай учирласан сэтгэл зүйч Миччи охины ирээдүйд учирч болзошгүй зүйлсийн тухай тайлбарласан байна. 

Хүмүүс өсөж том болох хүртлээ гадаад төрх болон сэтгэл санаа нь өөрчлөгддөг. Миччи охин том болох үедээ байгаа төрхөө өөрчлөхийг хүсэж, нэг ёсондоо гоо сайхны мэс ажилбарт донтож магадгүй хэмээн тэрээр тайлбарлажээ. 

 

 

Үнэн хэрэгтээ Миччи охин мэс засал хийлгэхийг хүссэн бус түүний ээж Рюүччи өөрийн хүсэл болон Япон улсын гоо сайхны стандартад охиноо нийцүүлэхийн тулд ийн зохисгүй үйлдэл хийсэн тухай сэтгэлзүйчид тайлбарласаар байна. 

Охины ээж Рюүччи охиноо хамрын мэс засал болон хөх томруулах хагалгаанд оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мөн ярьжээ. Үүний дараа охины ээж Рюүчиг олон нийт шүүмжилж эхэлсэн бөгөөд охиноо өөрийн хүслийг гүйцээх хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн буруутгаж эхэлсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тольч(150.129.141.218) 2022 оны 11 сарын 11

Дура \n

4  |  1
Top