Хорийн бүлгийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд эхлэлээ. Ши Жиньпин хорийн бүлгийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын эхний хуралд “Эрин цагийн сорилтыг хамтран туулж сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив.
Ши Жиньпин илтгэлдээ: "Эдүгээ дэлхий ертөнц зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж байна. Энэ бол дэлхийн өөрчлөлт, эрин цагийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлт юм. Хорийн бүлгийн гишүүд бүгдээрээ дэлхийн болон бүс нутгийн том орнууд учраас их гүрний хариуцлагаа ухамсарлаж, түүчээлэх үүрэгтэйгээр улс орнуудын хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний тусын тулд дэлхий нийтийн дэвшлийг эрэлхийлэх ёстой.
Урт хугацааны туршид Хятад улс дэлхийн үр тариа, эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмрээ оруулсаар ирэв. Хорийн бүлэгт олон улсын үр тарианы хангамжийн баталгаат байдлын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлэв. Талуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг бид хүсэж байна" гэв.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: "ХКН саяхан бүх Хятадын төлөөлөгчдийн ХХ их хурлыг хуралдуулж, Хятад улсын хойшдын 5 жил, түүнчлэн нэн урт хугацааны нам, төрийн ажил үйлсийн хөгжлийн зорилт үүрэг, бодлогод төлөвлөлт хийв. Хятад улс энх тайван хөгжлийн замналаар гуйвшгүй замнаж, өөрчлөлтийг гуйвшгүй гүнзгийрүүлэн нээлттэй байлгахаа өргөтгөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг гуйвшгүй ахиулах болно. Орчин үеийн шинэчлэлд хүрэхээр тасралтгүй урагшилж буй Хятад улс дэлхий нийтэд илүү олон боломж авчирч, олон улсын хамтын ажиллагаанд илүү эрчтэй хөдөлгөх хүч сэлбэн, нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд илүү их хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм "гэв.
Эх сурвалж: Уртнасан
Сэтгэгдэл ( 0 )