Б.Жавхлан: Бондоо төлснөөр зээлжих зэрэглэл олон улсад тогтвортой байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 134 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурснаар өнөөдөр (2022.12.06) Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж дууслаа. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үедээ “Чингис бондын хүү, өр төлбөрийг төлж дуусгалаа. Гадна талдаа бид АН, МАН, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар гэж яригдахгүй. Монгол Улсын Засгийн газар гэж яригдана. "Чингис" бонд олон улсын зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар гэдэг кодтой. Тиймээс бид ямар ч хүнд нөхцөлд гадна талд төлбөрөө 100 хувь хийгээд явах ёстой. Эс тэгвээс Монгол Улс дефолт болох эрсдэлтэй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар томоохон өр төлбөрийг цаг хугацаанд нь хийж байна. Цаг хугацаа нь ч тэгж таарлаа.

"Сентюри" бондын төсөл хэрэгжүүлж, 5,1 хувийн хүүтэй байсан "Чингис" бондын хэсгийг 3,5 хувийн хүүтэй болгосон. Хэрэв "Сентюри" бонд гараагүй бол энэ жил 1 тэрбум ам.долларын дарамтыг валютын нөөц дээрээ авах байсан.

"Чингис" бондын төлбөрөөс дотоодод авах ёстой сургамжаа ил тод ярих ёстой. "Чингис" бонд 2012 оны арванхоёрдугаар сард орж ирснээс хойш хамгийн анхны төслийг зургаан сарын дараа буюу 2013 оны зургаан сард гаргасан байдаг. Энэ хооронд хүүгийн тоолуур явсаар байсан. Эцэстээ 2014 онд 1,5 тэрбум ам.доллар ашиглагдаж эхэлсэн.

"Чингис" бонд манай валютын нөөцөд нэмэртэй байсан ч дотооддоо ямар ажил хийх талаар төлөвлөгөө огт байгаагүй. Тиймээс цаашид бид ийм алдаа гаргаж болохгүй. "Чингис" бондын 13 хувь нь банкаар, 26 хувьд нь Засгийн газраас эдийн засгийн төсөл хэрэгжүүлсэн, 63 хувь нь төсвийн шинжтэй санхүүжилт гэхчлэн хийгдсэн байдаг. "Чингис" бондын 70 хувийг татвар төлөгчдийн хөрөнгөөр төлөх хариуцлага авч үлдсэн. "Чингис" бондыг гаргасан 2012 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд 540 сая ам.долларыг уг бондын хүүнд төлсөн бол 264 сая ам.долларын үндсэн өр төлбөрийг барагдуулсан. Үлдсэн хэсэг дээр зохицуулалтын арга хэмжээ хийгдсэн.

Цаашид бид хөрөнгийн зах зээл дээр богино хугацаатай, өндөр хүүтэй бонд гаргаж болохгүй гэдэг сургамж авсан.  

Хоёрдугаарт, "Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжигдсэн 500 тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүссэн. Өнөөдөр 810 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн бол он дуусахад 1 их наяд төгрөг болгохоор ажиллаж байгаа. Ирэх жил есдүгээр сарын 25-нд "Евро" бондын 500 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 20-нд Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын 30 тэрбум иен төлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл учирвал төсвөөс төлнө гэсэн үг.

Бид 30 тэрбум иенийг Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээс цуглуулж чадсан" гэж тайлбарлав. 

Мөн тэрбээр 2024 он хүртэл өндөр ачаалалтай жилүүд байгаа тул бонд гаргахгүй байх чиглэл барьж байгаа гээд, Засгийн газрын зээлжих зэрэглэл олон улсад тогтвортой байгааг тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top