НҮБ-аас зарласан “Авлигын эсрэг олон улсын өдөр” өчигдөр (2022.12.09) тохиолоо.
Манай улсын хувьд нийгмийн идээ бээр болсон авлигын эсрэг хэр үр дүнтэй ажиллаж байна вэ. Ард түмний хандлага, АТГ-ын ажлын үр дүн, нийгмийн тогтолцоонд бугласан асуудалд хэн дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх вэ. Аман дээрээ бид “Авлигатай хатуу тэмцэнэ, үл эвлэрнэ” гэдэг ч ачир дээрээ ямархан нөхцөл байдалтай байна вэ.
Авлигагүй нийгмийн төлөө бүхэл бүтэн төрийн институт ажиллаж байна. Тэдний үйл хэрэгт улс төрийн шахалт, хөндлөнгийн нөлөө хэр байгаа вэ. Энэ мэтчилэн олон асуулт ар, араасаа хөвөрнө.
Харин хариулт нь Монголын өнөөгийн нийгэм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар өнгөрсөн жилийн өдийд албаны эх сурвалжууд юу гэж ярьж, ямар асуудлыг хөндөж байсныг тод санаж байна. Тэгвэл бүтэн жилийн дараа тэдний ярьж байсан, хийж хэрэгжүүлнэ гэсэн алба ажил нь хэр бүтэмжтэй байв. Тодорхой дүгнэлт хийхийн тулд товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.
З.ДАШДАВАА: АВЛИГА ХАЛДВАРТ ӨВЧИН ШИГ БУГШСАН БАЙНА
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнгөрсөн жил авлигын эсрэг үндэсний чуулганд хэлсэн үгэндээ “Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол Улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.
Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан бол олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Авлигын хэрэгтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. АТГ 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. Мөн авлигын хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96 тэрбум төгрөгийг тус, тус төлүүлээд байна. Мөн хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлагатай.
Ялангуяа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй дархан байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг эргэж харах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд халдашгүй байдлын зохицуулалт үйлчлэхгүй байх хэмжээнд хүртэл холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарлаа. Мөн авлигын гэмт хэргийг тодорхойлсон байдлыг нарийн тодорхой болгох, оногдуулж байгаа ял шийтгэлийн хэлбэр, хэмжээг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг тохируулга заавал хэрэгтэй” гэж байв.
Тэгвэл эрхэм даргын хэлж зорьсон хууль эрх зүйн орчинг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зэрэг асуудал шийдлээ олоогүй жилийн нүүрийг үзлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д оролцож, үг хэлж байв. Тэрбээр “Монгол Улсын хөгжилд хамгийн их саад болж буй зургаан хүчин зүйлийн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байна. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжинэ. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ. Аль асуудал хамгийн хүнд байна түүнийг цахимжуулаад явуулъя. Шүүх хэнээс ч хараат бус гэж итгэсэн тохиолдолд гадныхан хөрөнгө оруулна.
Тиймээс бид хөрөнгөө оруул гэж гуйж уриалахаас илүү шүүх шударга, хараат бус гэдгийг баталж чаддаг байх нь чухал. Тендерийн хуулиа шүүхийн хуультай уялдуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын системтэйгээ уялдуулах шаардлагатай гэж үзэж байна. Өдгөө 1000 гаруй тусгай зөвшөөрлийг төр олгож байна. Тусгай зөвшөөрөл бүрийн ард гарын үсэг байна. Гарын үсэг бүрийн ард албан тушаалтан байна. Албан тушаалтнуудад ашиг сонирхол байна.
Тиймээс зөвшөөрлийг цахимжуулах шаардлагатай байна. Төрийн хяналт шалгалтад төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог багасгах хэрэгтэй. Аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тэр ресторан үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Энэ бол үнэн. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд цалингаасаа хэд дахин илүү бэлэг, шан харамж авдаг үзэгдэл байсаар байна. Үүнийг байдаг л зүйл мэт хүлээж авах нь авлигыг таслан зогсооход хамгийн том саад болж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих хэрэгтэй. Авлигатай холбоотой баримттай мэдээллийг ил болгож тавьдаг байхад анхаарах хэрэгтэй. Сэтгүүлзүй хөгжиж, дүгнэлттэй байх тусам хяналт бий болно” гэв. Түүний хэлж байсан үг сайхан ч хэрэгжүүлж байгаа нь хаана байна. Өнөөдөр нүүрсний хулгайн хэргийг илрүүлнэ хэмээн сүржин мэдэгдэж байгаа ч үнэнч шударгаар хууль шүүхийн байгууллагаар шалгуулж чадах эсэх нь тунч эргэлзээтэй.
Авлигын гэмт хэргийг илрүүлэх нь чухал. Хамгийн гол нь гэмт этгээдийн хэргийг хэрхэн шийдвэрлэх, ялын ямар бодлого баримтлах талаар хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлагатайг хуулийнхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.
Ч.Жаргалбаатар: Ялын бодлого оновчгүй байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах ажилтан Ч.Жаргалбаатараас авлигын хэрэгт оногдуулж буй ялын бодлогын талаар “Авлигын гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн хувьд хэтэрхий хөнгөн байна гэдэг шүүмж явдаг. Онол, арга зүй талаасаа аваад үзвэл хөнгөн байгаа нь үнэн. Яагаад гэвэл, иргэдийн нийгэмд учруулж байгаа хохирол, аж ахуйн нэгжийн учруулж буй хохирол, нийтийн албанд учруулж байгаа хохирлын нийгмийн хор аюул нь ойролцоо байхад хүлээлгэж байгаа ял нь харьцангуй байна.
Тодруулбал, иргэн 15-20 жил хүртэл, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 10 жил хүртэл, харин албан тушаалаа ашиглаж хөрөнгө мөнгө завшсан тохиолдолд таван жилийн ял оноож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Эрүүгийн хууль дахь ялын энэ бодлогыг эргэн харах, мөн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг оновчтой тодорхойлох асуудал яригдах ёстой. Ялын бодлого оновчтой байх нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой үр дүн авчрах учиртай.
Энгийнээр жишээлж хэлбэл, хүн ханиад хүрээд эдгэртлээ хэсэг хугацаанд завсарлаж байгаад ажилдаа ордог шиг албан тушаалтнууд авлигын хэргээр ял сонсоод хэсэг хугацааны дараа дахиад төрийн бус байгууллага, эсвэл төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болчихоод байгаа юм. Энэ нь ялын бодлого оновчгүй, сул байгааг илтгэж буй хэрэг. Иймээс хууль эрх зүйн орчны боловсронгуй шинэчлэлийг хийх шаардлагатай” гэдгийг ч онцолж байлаа. Тэгвэл дээрх ярьсан зүйлс бүтэн жилийн дараа бахь байдгаараа, яг л хэвээрээ. Өөрчлөлт шинэчлэлт хууль эрх зүйн орчинд хийгдсэнгүй. Товчхондоо бид хий хоосон ярьсаар. Авлигатай уриа лоозонгоор тэмцсээр байна. Тэмцлийн үр дүн үгүй. Үүнийг бичигч би бус олон улсын байгууллагаас гаргасан судалгаа гэрчилнэ.
МОНГОЛ УЛС АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 35 ОНОО АВАВ
Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд дэлхий нийтэд зарласан. 2020 онд монголчууд 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол 2021 онд мөн адил 35 оноо авсан байна. Энэхүү оноог нийт дөрвөн судалгааны дунджаар тооцон гаргадаг.
Үүнд, Олон улсын өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар 29, Олон улсын эрсдэлийг үнэлгээгээр 37, Дэзформын гүйцэтгэх саналын судалгаагаар 34, Дэлхийн шударга ёсны судалгаагаар 35 оноо тус тус авч, нийлбэр дунджаар 35 оноотой гарчээ.
Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авлигын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд тэг бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна. Харин Монгол Улсын хувьд 35 оноог хоёр жил дараалан авсан нь өмнөх жилтэй адилхан түвшинд байгааг илтгэж байна.
Ази-Номхон далайн бүс гурав дахь жилдээ дарааллаж, 45 оноог дундаж хэмээн тооцсон бөгөөд улс орнуудын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан үзүүлэлт гарсан байдаг Монгол Улсын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулбал 2015 онд Монгол Улс авлигын индекс буюу оноогоороо 39 оноо, 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019-2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авлигын түвшин өндөр байгааг илтгэж байна. Харин энэ тоо ирэх оны эхэнд хэд болж зарлагдахыг хэлэхэд бэрх. Ямартаа ч авлига гэдэг асуудалтай улстөрчид уриа лоозон бариад тэмцдэггүй юм гэдгийг манай улсын жишиг яруу тодоор харуулаад өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС АВСАН ТВ ЗУРАГТ , ИНТЕРНЭТ САЙТУУД , ЦЭРЭГ ЦАГДААГИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ТА НАР ИЧИЖ АМЬДАРЦГАА . БИД УДАХГУЙ ЯЛНА. МОНГОЛЧУУД СЭРЦГЭЭ .