1978 онд Өмнөд Солонгосын жүжигчин Чуи Ын Хи гэнэт сураггүй алга болжээ. Уг явдлаас зургаан сарын дараа түүний нөхөр найруулагч Шин Сан Үг мөн л сураггүй алга болсон бөгөөд олон жилийн дараа хоёул хамт олны өмнө гарч ирэн, санаанд оромгүй түүхээ хуваалцсан байна.
Хосууд 1960-аад онд "Шин студи"-ээ байгуулж, тухайн жилдээ олон кино бүтээл гарган, олон улсын томоохон фестивалиудад эх орноо төлөөлөн оролцжээ. Энэ нь тэднийг Хойд Солонгосын бай болох томоохон хүчин зүйл болсон гэнэ.
Тухайн үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений хүү Ким Чен Ир кино хорхойтон байжээ. 15000 орчим кино сантай байсан тэрээр 1966 онд суртал ухуулгын хэлтэст ажилд орж, удалгүй кино урлагийн хэлтсийн дарга болжээ. 1970-аад оны эхээр эх орондоо бүтээгдэж буй кинонд сэтгэл дундуур байсан Ким Чен Ир дэлхийд кино урлагаар өрсөлдөх боломжгүй гэдгээ ухаарав.
Кино уран бүтээлчид улсаас тогтмол цалин авдаг байсан учраас уран бүтээлээ сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авдаггүй байжээ. Гэсэн ч барууны нөлөөлөлд автахгүй хичээсэн Ким Чен Ир өөр нэгэн санаа бодож олжээ.
Жүжигчин Чуи Ын Хи-д өөрийгөө Хонконгийн бизнесмэн хэмээн танилцуулсан нэгэн эр Хонконгд найруулагч, жүжигчнээр ажиллах санал тавьсан байна. Уг саналыг хүлээн зөвшөөрсөн Чуи Ын Хи-г тус улсад хөл тавьмагц хар тамхиар мансууруулан Хойд Солонгос руу авч явжээ.
1978 оны нэгдүгээр сарын 22-нд Хойд Солонгосын Нампо боомтод ирсэн Чуи "1-р байр" хэмээх тансаг виллад сэрсэн байна. Хойд Солонгосын удирдагчид түүнд Пхеньяан хот болон түүхэн дурсгалт газруур, музейгээ танилцуулж, Ким Чен Ир түүнийг кино, жүжиг, мюзикл зэрэгт дагуулж явдаг байв. Ким жүжигчин бүсгүйгээс кино урлагийн тухай асууж, санал бодлоо үргэлж солилцдог байжээ.
Хулгайлагдсанаасаа таван жилийн дараа л Чуи нөхрөө мөн хулгайлагдан ирсэн болохыг мэджээ. Чуиг алга болох үед хосууд хоёр тийш болж, найруулагч Шин шинэ амьдрал зохиосон байна. Гэсэн хэдий ч Чуиг хайсаар байсан Шин эхнэрээ хулгайлагдсанаас зургаан сарын дараа мөн л Хонконгоос хулгайлагдан Хойд Солонгост иржээ.
Шин энэ хугацаанд хоёр ч удаа оргох оролдлого хийж, шоронд хоригдож байжээ. Хулгайлагдсанаасаа хойш таван жилийн дараа буюу 1983 онд Ким Чен Ирийн зохион байгуулагдсан үдэшлэгийн үеэр хосууд дахин тааралджээ. Үүний дараа Ким Чен Ир тэдэнд өөрийн цуглуулга дахь киноноос өдөр бүр дөрвөн кино үзэхийг үүрэг болгож, санал шүүмжээ хэлэхийг тушаасан байна.
Сүүлдээ тэднийг олон улсын фестивальд оролцох боломжтой кино хийх ажилд томилжээ. Найруулагч Шин Пхеньяан дахь Чосон кино студид оффистой болж, тус улсын суртал ухуулга болон бусад сэдвийн кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.
Хосууд Ким Чен Ирын даалгавраар нийт 20 орчим кино бүтээжээ. Уг кинонуудаас олон улсын фестивальд явуулж багагүй амжилт олсон бөгөөд Хойд Солонгост өмнө нь хэзээ ч байгаагүй түүх бүтээсэн юм.
Гэсэн ч хосууд эдгээр киног хийж байх хугацаандаа тус улсаас зугатаах төлөвлөгөөгөө боловсруулсаар л байв. Хулгайлагдсан гэдгээ нотлохын тулд дуу хураагууртай болсон тэд 1983 оны аравдугаар сарын 19-нд Ким Чен Ир өөрсдийг нь хулгайлсан тухай дэлгэрэнгүй яриаг бичиж авч чаджээ. Ким энэ үеэр хосуудыг эх орондоо сайн дураараа ирсэн тухай хэвлэлийнхэнд ярихыг үүрэг болгов.
1986 онд хосууд Чингис хааны тухай намтар киног нь санхүүжүүлэх хүн олохын тулд Вена руу явжээ. Акира Эноки хэмээх сэтгүүлчид яриа өгч байх үедээ хамгаалагчдаа өрөөнөөс гарахыг ятгаж чадсан тэд зочид буудлын ажилтнаас тусламж хүсэн, АНУ-ын элчин сайдын яаманд орогнол хүсэж буйгаа дамжуулсан байна.
Өдрийн 12:30 цагийн орчимд тэд сэтгүүлч Энокигийн хамтаар таксинд суун зугатаасан ч Хойд Солонгосынхон тэдний араас хөөж эхэлжээ. Замын түгжрэлд орох үед таксинаас буун зугатаасан хосууд АНУ-ын элчин сайдын яамыг зүглэн гүйв. АНУ-ын элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүссэн нь амжилттай болсон бөгөөд АНУ-ын Виржиния мужид хэдэн жил амьдарсныхаа дараа Калифорнияад хэсэг амьдарсан тэд 1999 онд нутаг буцжээ.
Энэ хугацаанд найруулагч Шин Simon Shin хэмээх нэрээр тус улсад уран бүтээлээ туурвиж байжээ. Хойд Солонгос улсын зүгээс хоёр хүн сайн дураараа манай улсад ирж, дархан цаазтай газар хайж байсан хэмээх мэдээллийг тарааж эхэлсэн байна.
Эх орондоо эсэн мэнд ирсэн Шин Сан Үг 2006 онд таалал төгссөн бол Чуи Ын Хи 2018 онд нас баржээ.
Сэтгэгдэл ( 1 )
hudaldagdsan site. Gan-Ochir geed zaluug yaaj chadajiinaa ta nar