АНУ-ын ЗГ-аас 8 төрлийн ерөнхий лиценз олгосон гэв 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Энэ онд тохиож буй Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Монголбанкны санаачилгаар Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “АНУ нь монголчууд бидний хувьд “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн чухал түнш билээ. Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч, Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ бидэнд байсаар байна” хэмээн онцлов.

Мөн тэрбээр "Сүүлийн жилүүдэд глобал эдийн засагт нөлөөлж буй дараалсан шокууд, тухайлбал худалдааны дайн, КОВИД-19 цар тахал, ОХУ-Украинаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал, санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд зэрэг нь манай улсын эдийн засагт худалдааны болон санхүүгийн сувгаар дамжин хүндээр тусаж байна. Тэр дундаа, эдгээр дараалсан шокууд нь манай эдийн засгийн хоёр хөрш орноос гадаад худалдаа, эрчим хүчний хувьд хэт өндөр хамааралтай байдлыг улам тод харуулж байна. Тухайлбал, Хятадын тэг-КОВИД бодлого, эдийн засгийн идэвхижил суларч байгаа нь манай улсын экпортын биет хэмжээ, тээвэр, логистикийн зардал зэрэгт нөлөөлж байгаа бол геополитикийн хурцадмал байдал, түүнийг дагасан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ нь манай улсын гадаад төлбөр тооцоо, хүнс, шатахууны импортын өсөлт, тээвэр, логистикийн асуудлуудыг араасаа дагуулж байна.

Манай эдийн засгийн онцлог, гадаад төлбөр тооцоонд үүссэн нөхцөл байдлыг ойлгон АНУ-ын Засгийн газраас энэ оны 6 дугаар сард 8 төрлийн ерөнхий лиценз олгож, тухайлсан зориулалттай төлбөр тооцоог АНУ-ын бус, хориг арга хэмжээнд ороогүй байгууллагаар дамжуулан гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Энэ нь үүсээд байсан нөхцөл байдлыг зөөлрүүлэх, дараа, дараагийн гарц, шийдлийг хайхад бодит дэмжлэг болсон. Иймд бидэнд үүссэн хүндрэл, эрсдэлийг ойлгон шуурхай арга хэмжээ авч ажилласан АНУ-ын засгийн газар, дунд нь зуучилж, хамтран ажилласан холбогдох талуудад дахин талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу" гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт илгээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Монгол дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн Гари Биопдо нар үг хэлэв.

Хурлаар Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Монгол Улс АНУ-ын хооронд 2021 оны эцсийн байдлаар нийт 244 сая ам.долларын худалдаа хийгдсэнээс манай орны импорт 213 сая ам.доллар, экспорт 31 сая ам.доллар байна. Мөн АНУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 9 хувь нь банк, санхүүгийн салбарт, 2 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт тус тус хийгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top