Цуврал алуурчин гэгдээд байгаа сувилагч Льюси Летби дутуу төрсөн нярайн хамрын гуурсанд их хэмжээний сүү хүчээр шахаж алахыг завдсан хэрэгт буруутгагдан Их Британийн шүүхэд дуудагджээ.
32 настай Льюси 2015 оны есдүгээр сард Честер эмнэлэгийн нярайн тасагт сувилуулж байсан Ж хэмээх бяцхан охиныг хэт их хооллон алахыг завдаж байгаад баригджээ.
Тэрээр энэхүү арга барилаараа 7 нялх хүүхдийн аминд хүрч, 10 нярайг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаад байна. Хэрэг болох үед тус тасагт ажиллаж байсан эмч Брири хэлэхдээ "Есдүгээр сарын 7-ны өдрийн үүрээр би түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан. Намайг очиход хүүхэд шалан дээр их хэмжээгээр бөөлжсөн байсан. Би өмнө нь хэзээ ч тийм зүйл харж байгаагүй" гэжээ.
Тус хэрэг дээр ажиллаж байгаа шинжээч нялх хүүхэд ийм хэмжээний бөөлжис гаргах боломжгүй хэмээн ярьсан байна. 2кг жинтэй хүүхэд тийм хол бөөлжиж чадахгүй, мөн сандал дээр хүртэл бөөлжис болсон байсан нь тун ч хачирхалтай хэмээсэн байна.
Хүүхэд бөөлжиж эхэлснээс хойш биеийн байдал нь маш хурдан муудсан тул интубаци хийж, амьсгалын аппарат залгажээ. Эмч нар хүүхдийн хоолойноос зөвшөөрөгдсөн хэмжээнээс их буюу 45мл-с их шингэн гаргаж авчээ. Санамсаргүй байдлаар хүүхэд ийм их хэмжээний сүү гаргах ямар ч боломжгүй. Хэдийгээр нярай амьд үлдсэн ч тархиндаа нөхөн сэргэх боломжгүй хүнд гэмтэл авсан тухай шүүх хурлын үеэр мэдээлжээ.
Льюси Летбиг 2018 онд эмнэлэг дэх нярайн эндэгдэл нэмэгдсэнтэй холбогдуулан цагдаа нар шалгаж эхэлсэн байна. Түүнийг 5 хүү, 2 охины амийг хөнөөсөн, 5 хүү, 5 охины амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Шалгалтын явцад Льюсси хүүхдүүдэд инсулин тарьж хордуулсан болох нь мөн нотлогдсон. Нярайн тасагт орох боломжтой цөөн хүн бий. Хүүхдүүд нас барах үед Льюси ээлжтэй байж таардаг нь эмч нарт хардлага төрүүлсэн бөгөөд энэ тухайгаа цагдаа нарт мэдээлснээр уг хэрэг ил болжээ.
Түүнийг нийт 22 төрлийн гэмт хэрэгт буруутгаад байгаа бөгөөд хэр хэмжээний ял оноох нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )