Хөгжмийн зохиолч Бобби Жон бэлгийн хүчирхийллийн хэргээр ЯЛ СОНСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

 

Дэлхийн алдарт "BTS" болон "TXT" зэрэг хамтлагуудтай хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Бобби Жон буюу Жон Дэ Үг бэлгийн хүчирхийллийн хэргээр нэг жилийн хорих ял сонсжээ. 

Түүнийг Сөүлийн хотын дүүргийн шүүхээс нүцгэн эмэгтэйн зураг хууль бусаар авсан хэрэгт буруутган нэг жилийн ял оноохын сацуу 40 цагийн бэлгийн боловсрол олгох сургалтад суух, 5 жилийн хугацаанд хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх газар ажиллахыг хоригложээ. 

Жон тухайн үед дуучин болохоор бэлтгэгдэж байсан 27 настай хохирогчид хар тамхи хэрэглүүлж, мансуурсан үед нь нүцгэн зураг болон бичлэг хийсэн бөгөөд хохирогч сэтгэл зүйн цочролд орж, доромжлол амссан хэмээн мэдүүлсэн байна. Хохирогчийн талаас Жонд хатуу шийтгэл оноохыг хүсэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч анхан шатны шүүхээс Бобби Жонд холбогдох хэргийн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа сэтгэл санааны хямралд орсон бүсгүй амиа хорлон нас барсан юм. 

Гэмт хэрэг үйлдсэн Жон хохирогчоос ямар нэгэн уучлалт гуйгаагүй ч түүний зураг болон бичлэгийг бусдад дамжуулаагүй, мөн өөртөө хадгалаагүй хэмээн мэдүүлсэн бөгөөд эдгээрийг харгалзан үзсэний үндсэн дээр шүүхээс түүнд нэг жилийн хорих ял ноогдуулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top