Онцгой байдлын байгууллагын 2022 оны онцлох үйл явдлууд

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

АЛБА ХААГЧИД 3653 ХҮНИЙ АМЬ НАС, 260,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛАВ

 

Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 4129 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3653 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад дэлбэрэлт болж, гал түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын 140 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Монгол Улсын хэмжээнд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм хэмжээний гал түймэр гарч байгаагүй юм. Алба хаагчид гал түймэрт өртсөн 2000 м3-ийн эзэлхүүнтэй шатахууны саванд үлдсэн 350 тонн АИ-92 шатахууныг аюулгүй болгосноор 800,000 кг нүүрсхүчлийн хий агаарт дэгдэж, байгаль экологид ихээхэн хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадлаа.

 

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН САЛБАР НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх  зорилгоор Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цогт, Увс аймгийн Давст, Завхан аймгийн Сонгино, Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгүүд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дахь Эрэн хайх аврах салбарууд, Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 4-р зэрэглэлийн анги, нийт 9 анги, салбар, бүлгийн ажиллагааг эхлүүллээ.  

Мөн олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, туршилт судалгаа, инновацд суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болголоо.

 

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги энэ оноос иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тус анги нь нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг шат дараатай бэлтгэн, сургалтын Cabri G-2 маркийн 1 нэгж нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах EC-145 маркийн 3 нэгж нисдэг тэрэгтэйгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.

 

АЛБАНЫ ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХ, БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

 

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 6.2 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өнгөрсөн оноос хувцасны хангалт 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалт  34.0 хувиар өссөн байна.

Түүнчлэн улсын төсвийн 21.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Нийслэлийн онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг барьж ашиглалтад оруулж, 2022 онд Онцгой байдлын албаны хэмжээнд шинээр байгуулагдсан анги, салбаруудын үйл ажиллагааны зардалд 3.2 тэрбум төгрөг, барилга байгууламжийн засварын ажилд шаардлагатай 315.9 сая төгрөгийг шийдвэрлэн ажиллалаа.

“Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийн хүрээнд  Бүгд Найрамдах Франц Улсад үйлдвэрлэгдсэн, хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, тусгай зориулалтын 42 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан үүрэг гүйцэтгэж байна.

Мөн “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулан, гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлж, 2023 оны улсын төсөвт хүнд машин механизмын парк шинэчлэлд 3.8 тэрбум төгрөгийг суулгаж батлууллаа.

 

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРЭН ХАЙХ, ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох ажлыг тусгасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас БОАЖЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Хөвсгөл нуурт живсэн машин, тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх судалгааны ажлыг 10000 м2 талбайд зохион байгуулж, 5 машин техникийг илрүүллээ. Мөн  “JICS” Японы хамтын ажиллагааны байгууллагаас 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр тохиролцоод байна.

 

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛИА ИХЭРЛҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор-2022” тэмцээнд Онцгой байдлын байгууллагын эрэгтэй байнгын бүрэлдэхүүний баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2013 онд хүртсэн мөнгөн медалиа ихэрлүүлж, амжилтаа бататгасан юм.  Харин Онцгой бүсгүйчүүдээ түүчээлэн анх удаагаа тус тэмцээнд оролцсон эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн IV байрт шалгарсан амжилтыг үзүүлж, ирэх жилүүдийн тэмцээн, уралдаанд ширүүн өрсөлдөгчдийн нэг гэдгээ харууллаа.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллагаас нийт 209 алба хаагч оролцож,  эмэгтэй ротын 4-р эгнээ “Тэргүүний жагсаалч эгнээ”-гээр шалгарсан амжилтыг үзүүллээ.

Онцгой байдлын байгууллагаас 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын практик буудлагын тэмцээн, Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус амжилттай зохион байгууллаа.

 

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД  95,051 МОДЫГ ТАРЬЖ, УРГУУЛЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын байгууллага нэгдэж, 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна. Зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Барнаул хотын М.А.Лисавенкогийн нэрэмжит Сибирийн цэцэрлэгжүүлэлт, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, албаны хэмжээнд 2022 онд 15 төрлийн 95,051 ширхэг жимс, жимсгэний, мод, бут шинээр тарьж ургууллаа. Мөн  Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өвөрхангай, Хэнтий зэрэг 6 аймагт мод үрсэлгээний нэгжийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2023 онд тарих 28,429 ширхэг модны үрслэгээний нөөц, 2841 кг үрийн нөөцийг бэлтгэлээ. Түүнчлэн Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Тэрбум мод”  ухаалаг төхөөрөмжийн аппликейшныг нэвтрүүлээд байна.

 

ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫН ХЭРЭГЖИЛТЭД МАГАДЛАН АУДИТ ХИЙЛЭЭ

 

Гамшгаас хамгаалах хууль тогтоомж,төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд  Онцгой байдлын байгууллагын хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Олон улсын чанарын нэгдсэн менежментийг нутагшуулах хүрээнд 2022 онд  21 аймгийн Онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэст баталгаажуулалтын аудитыг хийлээ. Мөн ОБЕГ-ын харьяа Ар талын 115, Хувцас туршилт үйлдвэрлэлийн 121 дүгээр ангиудыг анхдагч магадлан аудитад хамруулж, бүтцийн нэгжийн 630 орчим алба хаагчийг цахимаар сургалтад хамрууллаа. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нутагшуулж, алба хаагчдыг эрүүл, аюулгүй ажлын байраар хангах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлээд байна.

 

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭВ

 

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын манлайллыг бэхжүүлэх зорилгоор  гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” хоёрдугаар шатны санаачлагад нэгдлээ. 

Мөн нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 152 сургууль, 278 цэцэрлэг, 9 дүүргийн 41 хороо, 60 өрхийн эмнэлэгт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ болон Гал түймэр унтраах, аврах 26, 28, 63 дугаар ангиудын барилга байгууламжид барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээг хийлгэж, цаашид авах арга хэмжээ, барилга байгууламжийг хүчитгэх шаардлагатай талаар дүгнэлт гаргалаа.

Ингэснээр улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 85 хувьд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

 Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Монгол улсад зонхилон тохиолддог 10 гамшгийн төрлөөр эрсдэлийн зураглалыг боловсрууллаа. Мөн Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг боловсруулж байна. “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж батлуулснаар манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх тогтолцоонд нэгэн том ахиц гарах юм.

 

АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД

 

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сургаж дадлагажуулах хүрээнд гадаад улсад зохион байгуулагдсан 9 удаагийн айлчлал, 17 удаагийн хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалт, семинар, үзэсгэлэн яармагт нийт 87 алба хаагчийг хамрууллаа.   

Алба хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр улсын нөөцийн алба хаагчдын 99% нь төрийн тусгай алба хаагч болж байна.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 2145 алба хаагчаас мэргэжлийн зэргийн шалгалт авснаас 1007 алба хаагч шалгуур үзүүлэлтийг хангаж, мэргэжлийн зэрэгтэй болсон нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодит томоохон ажлын нэг боллоо.

Түүнчлэн 2021 онд эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын даатгалын үнэлгээ 37 сая төгрөг байсныг 2022 онд 50 сая, эрсдэл багатай нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын даатгалын үнэлгээ 26 сая төгрөг байсныг 38 сая төгрөг болгож нэмэгдүүлээд байна.

 

ДАДЛАГА СУРГУУЛЬД 69 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦСОН ТҮҮХЭН АМЖИЛТЫГ ТОГТООЛОО

 

Онцгой байдлын ерөнхий газраас 2022 онд Баянхонгор аймагт “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль, Орхон  болон Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Баян-Өлгий, Өмнөговь аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.  “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр анх удаа гамшгийн үеийн 2 дугаар шатлалын хөдөлгөөнт хээрийн эмнэлгийг дэлгэж, нисдэг тэргээр агаараас аврах ажиллагааны дадлага, сургуулийг хийлээ. Орхон аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус аймгийн 69 мянга гаруй иргэн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд оролцсон нь түүхэндээ хамгийн олон иргэн хамрагдсан дээд амжилтыг тогтоогоод байна.  

 

НӨЛӨӨЛЛИЙГ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛСНААР ГАМШИГ, ОСЛЫН ТОО, ХОХИРОЛ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

 

 Онцгой байдлын байгууллагаас  улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгууллаа. Аяныг зохион байгуулснаар усанд осолдсон хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад  26 хувиар, том хүний тоо 32,2 хувиар  тус тус буурсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд өрнөсөн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно”, Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд усны ослын дуудлагын тоо 17,7%, голын усанд осолдсон иргэдийн тоо 3,5%-иар  гал түймрийн тоо, хохирол 15.1%-аар буурсан үзүүлэлттэй байна.

 

ГАМШИГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛД ДЭВШИЛ ГАРГАН АЖИЛЛАЛАА

 

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын  үндэсний хүрээлэн нь барилга байгууламжийн хийц, бүтээцийн бат бэхийн чанарыг үл эвдэх технологи ашиглан газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж мэргэжлийн дүгнэлт гаргадаг боллоо.  Австралийн Засгийн газрын Шууд тусламжийн хөтөлбөрт шалгарч 30,000 Австрали долларын буцалтгүй тусламжаар “Гамшгийн бүртгэл, хохирол, хэрэгцээний дундын мэдээллийн систем”-ийг хөгжүүлж үйл ажиллагаанд туршилтаар нэвтрүүллээ. Мөн тус хүрээнлэнгийн Галын лаборатори нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар итгэмжлэгдсэн лаборатори боллоо. ОБЕГ-ын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” сэтгүүлийг Шинжлэх ухааны академийн Нийгмийн бага чуулганаар хэлэлцүүлж, Гамшиг судлалын ухааны мэргэжлийн сэтгүүлээр бүртгүүлснээр олон улсад бүртгэлтэй эрдэм шинжилгээний албан ёсны сэтгүүл болсон зэргээр гамшиг судлалын үйл ажиллагаанд технологийн дэвшил, инновацыг нэмэгдүүлэх томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН 5 ТӨРӨН ГАРЛАА

 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Монгол Улсын төр засгаас үнэлж ОБЕГ-ын харьяа  Үндэсний аврах бригадын түүхт 55 жилийн ойг тохиолдуулан “Сүхбаатар одон”-оор,  Уул, уурхайн аврах 09 дүгээр ангийн түүхт 70 жилийн ойг тохиолдуулан “Алтангадас” одонгоор тус тус шагналаа. Мөн 2022 онд Онцгой байдлын байгууллагын үе, үеийн алба хаагчдын дундаас Үйлчилгээний гавьяат ажилтан-3, Гавьяат тээвэрчин-1, Гавьяат тамирчин-1 төрөн гарч,  төрийн дээд одон, медалиар 327 алба хаагч шагнагдсан байна.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top