Аялал жуулчлалын томоохон бүс нутаг "Хөвсгөл нуур"-ыг зорих гадаад, дотоодын жуулчдын хөдөлгөөн жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг. Тун удахгүй буюу гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд "Мөсний баяр"-ын арга хэмжээ зохион байгуулагдаж, хөдөлгөөн нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас "Хөвсгөл нууранд үүссэн олон тооны цоорхой буюу өрхний талаарх сэрэмжлүүлэг"-ийг гаргасан байна.
Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг бөгөөд түүнийг нь ӨРХ гэж нэрлэдэг. Тодруулбал, "Хөвсгөл нуур"-ын "Ашихай", "Мэргэний үзүүр", "Хар ус", "Хадан хүй" гэдэг газруудад жил бүр өрх гарч хөлддөггүй аж.
Энэ жилийн хувьд "Хөвсгөл нуур" цоорхой ихтэй хөлдсөн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар "Жиглэг", "Хар ус", "Хачим" гэдэг газрууд хөлдөөгүй байжээ.
Хэдийгээр нуур бүхэлдээ битүү мөсөн бүрхүүл тогтсон мэт харагдаж байвч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй гэсэн үг юм. Иймд Ханх, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч, аялаж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Сэтгэгдэл ( 0 )