"А" зэрэглэлийн алдартнууд тансаг амьдралын хэв маягийг сонгодог бол зарим нь бусадтай хуваалцахыг илүүд үздэг. Нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж, бусдын сайн сайхны төлөө эд хөрөнгө, цаг заваа зарцуулдаг тэд өөрсдийн гэсэн буяны сан байгуулах, мөн бусад сангаар дамжуулан хандив өргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг өөрчилдөг.
Эдгээр алдартнуудаас салбар бүрт өөрсдийн хандив тусламжаа үзүүлсээр байгаа топ 10 буяны үйлстнийг танилцуулж байна.
ЭЛТОН ЖОН
Алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон 1986 оноос хойш тасралтгүй хандив өргөж байгаа нэгэн. Нэг жилийн дотор дотнын хоёр найзыгаа ХДХВ-ний улмаас алдсан тэрээр тухайн жилдээ 55 оронд 600 сая ам.долларын хандив тусламж үзүүлжээ.
ОПРА УИНФРИ
Телевизийн од Опра Уинфри нэр алдрыг нь дагалдаж ирсэн их хэмжээний эд хөрөнгөө өөрийн нэрэмжит сангаараа дамжуулан дэлхий даяар боловсрол, эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг байгаа охид, эмэгтэйчүүдэд туслах зорилгоор хандивладаг. 2012 онд боловсролын үйлсэд 400 сая ам.доллар хандивлаж байсан тэрээр хүүхэд хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч, хуулийн хүрээнд өөчрлөлт, шинэчлэлт авчирч чадсан нэгэн.
ТЭЙЛОР СВИФТ
Дуучин, ая зохиогч Тэйлор Свифт карьерийнхаа туршид буяны ажилд идэвхтэй оролцсон нэгэн. Ковидын цар тахлын үед ДЭМБ болон Африкийн улс орнуудад туслах байгууллагууд, Үндэсний эрүүл мэндийн байгууллагад мөнгө хандивлах зорилгоор дуудлага худалдаа зарлаж, тусламж үзүүлж байжээ.
БАРБРА СТРЕЙСЭНД
Ойролцоогоор 390 сая ам.долларын хөрөнгөтэй Барбра Стрейсэнд ойролцоогоор 16 сая ам.долларыг буяны үйлсэд зарцуулжээ. 1986 онд эмэгтэйчүүдийн асуудал, байгаль орчныг хамгаалах, сонгогчдод боловсрол олгох, хүний эрхийг дээдлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд зориулсан Стрейсэнд сангаа байгуулжээ. Уг сан нийт 27 сая ам.доллар буяны үйлсэд зарцуулж, нийгэмдээ чухал нөлөө үзүүлж байжээ.
ЖОРЖ & АМАЛЬ КЛУНИ
Амаль Клуни хүний эрхийн нэр хүндтэй хуульчдын нэг бөгөөд дүрвэгсэд болон гадуурхагдсан бүлгүүдийг өмгөөлөх ажилд гол анхаарлаа хандуулдаг нэгэн. Жорж Клунитай гэр бүл болсоны дараа шударга ёсны төлөөх Клуни сангаа байгуулж, эрх нь зөрчигдөн хүмүүсийн төлөө дуу хоолойгоо өргөж, хандив тусламж үзүүлсээр байна.
АНЖЕЛИНА ЖОЛИ
Алдарт жүжигчин Анжелина Жоли 2001 оноос хойш дүрвэгсдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлсэн. НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссарын газарт алба хашдаг тэрээр 60 орчим удаа хээрийн даалгавар гүйцэтгэж, дэлхий даяар хүмүүнлэгийн ажил эрхлэхийн тулд экс нөхрийн хамт Жоли & Питт сангаа байгуулжээ. Жоли эмэгтэйчүүдийн эрх ашгийг онцгойлон дэмжигч нэгэн.
Кени болон зүүн Афганистанд охидын сургууль байгуулсан тэрээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.
МАЙЛИ САИРУС
Ханна Монтана кинонд дүр бүтээсэн цагаасаа хойш олны анхаарлын төвд байсан тэрээр хамгийн залуу буяны үйлстнүүдийн нэг. 2014 онд орон гэргүй иргэд, болон ЛГБТ залуус болон бусад эмзэг бүлгийг иргэдэд туслах Happy Hippy сангаа үүсгэн байгуулжээ.
Хачирхалтай сонин эд зүйлсээ дуудлага худалдаанд оролцуулж, үүнээс олсон мөнгөө буяны үйлсэд хандивладаг тэрээр 2015 онд Лос Анжелест болсон LGBTQ+ төвийн Vanguard шагнал гардуулах ёслолын дуудлага худалдааны үеэр төгөлдөр хуур долоож, түүнийгээ 50 мянган ам.доллараар худалдан хандив өргөж байсан удаатай.
КРИССИ ТЭЙГЕН & ЖОН ЛЕЖЕНД
Холливудын хүчирхэг хосууд болох Крисси Тэйген болон Жон Леженд нар сайн үйлсийн аян зохион байгуулдгаараа алдартай. Голцуу боловсролын салбарт тусламж үзүүлдэг тэд шүтэн бишрэгчдээ уриалах замаар хандив цуглуулж, үүнийгээ тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулан хандивладаг байна.
БЕЙОНСЕ
Сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжмийн салбарт тэргүүлж байгаа тэрээр гайхалтай үлгэр жишээч хандив өргөгсдийн нэг. Хар салхины улмаас орон гэргүй болсон хүмүүст хандив өргөдөг тэрээр өнгөт арьстнуудын эрх ашгийг хамгаалах байгууллагуудад мөн идэвхтэй хандив өргөдөг нэгэн. 2020 оны долоодугаар сард хар арьс хүмүүсийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулж, тусламж хэрэгтэй байгаа бизнес эрхлэгчдэд 10.000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн "Black Parade" нэртэй дуунаасаа олсон бүх орлогоо тус санд хандивласан бөгөөд 2020 оны байдлаар тус санд нийт 7.15 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.
МЕРИЛ СТРИП
Үе үеийн шилдэг жүжигчдийн нэгээр нэрлэгддэг Мерил Стрип Академийн шагналд 21 удаа нэр дэвшсэн гэдгээрээ алдартай. Хандив үзүүлдэг байгууллагуудад үргэлж дэмжлэг үзүүлдэг тэрээр голцуу урлагийн салбарт хөл тавихыг хүссэн авьяастай охид, залууст дэмжлэг үзүүлдэг байна.
Эдгээр алдартнуудаас гадна хандивын үйлсэд идэвхтэй оролцдог алдартнууд олон бий. Нийгмийнхээ түүчээ болж, шүтэн бишрэгчдийнхээ амьдалд эерэгээр нөлөөлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх хөшүүрэг болж, ирээдүйг нь өнгөлсөөр байгаа тэд амьдарч байгаа нийгмээ сайжруулахын тулд ийнхүү сайн үйлсийн аянд нэгдсээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
delxiin aldartanuud olson orlogoo iinxuu busadtai xauvaaltsaj chaddag gaixaltai saixan setgeltei xumuus shuu