Балбад онгоц осолдож, 72 ХҮН амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Балбад өнгөрсөн ням гарагт /2023.01.15/ осолдсон онгоцноос амьд үлдсэн хүнийг олоогүй талаар Покхара хотын захиргаанаас мэдээлсэн байна. Хэдэн цагийн өмнө амьд үлдсэн хоёр хүнийг олсон гэх мэдээлэл гарсан ч "Yeti Airlines" компаниас уг мэдээллийг батлаагүй аж. 

Катманду хотоос Покхараг чиглэн нисэж байсан “Yeti Airlines” компанийн ATR 72 онгоцонд 68 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн байсан юм. “Yeti Airlines” компаниас "Амьд үлдсэн хүнийг олох магадлал байхгүй болсон. Өнөөдөр /2023.01.17/ нэмж 29 хүний цогцсыг хавцлаас гаргаж авсан, нийт 68 хүний цогцсыг олоод байна. Үлдсэн дөрвөн хүний цогцсыг хайж байгаа" гэж мэдээлжээ. 

Энэ нь Балбад сүүлийн 30 жилийн хугацаанд болсон онгоцны хамгийн том сүйрэл болж байна. ATR 72 онгоцны зорчигчдын 53 нь Балбын иргэн байсан бол 15 нь гадаадын иргэд байжээ. Тэдний тав нь энэтхэг, дөрөв нь орос, хоёр нь солонгос иргэн, түүнчлэн Ирланд, Австралии, Аргентин, Францын нэг нэг иргэн байсан аж. Зорчигчдын гурав нь хүүхэд байжээ.

Онгоцны осолтой холбоотойгоор Балбад нэг өдрийн үндэсний гашуудал зарлажээ.

Олон улсын Төрийн тэргүүнүүд Покхара хотын ойролцоо зорчигч тээврийн онгоц осолдсон явдалд Балбад эмгэнэл илэрхийлсээр байна.

Эрж хайх-аврах ажиллагаанд дрон ашиглаж байгаа аж. Онгоцны хэсгүүд 200 метрийн гүн хавцалд унасан байна. Өтгөн манантай байгаагаас болж эрж хайх-аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top