Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулав.
Сануулахад, 2021 оны долдугаар сарын 16-нд Засгийн газрын хуралдаанаар мөн Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулж байв. Ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлан салбар бүрийн төлөөлөл 15 хүнээс бүрдэн ажилласан байдаг.
Тухайн үед Монгол Улс "Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагын гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-ээр 180 улсаас 111 дүгээрт жагсаж байсан. Түүнчлэн засгаас Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулсан зорилт нь "Авлигын төсөөллийн индекс" жагсаалтад хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд Монгол Улсаа оруулах явдал юм.
Ийм зорилт дэвшүүлснээс хойш хагас жилийн дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр "Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2021 оны дүнг дэлхий нийтэд зарлахад, Монгол Улс 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 1 байраар урагшилж байсан.
Тэгвэл авлигын индексийн жагсаалтад хоёр оронтой тоонд багтаж орох засгийн зорилтын товлосон хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна.
Авлигын төсөөллийн индексийн шинэчилсэн дүн мэдээлэл ч хүлээлт үүсгээд буй энэ үед Засгийн газар шинэ Ажлын хэсэг байгууллаа.
Уг ажлын хэсгийн үүрэг нь ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршлага судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах гэж засгаас тодотголоо.
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга,Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллах аж.
Сануулахад, "Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих эсэх нь АВЛИГААС ХАМААРНА" гэсэн бичвэрийг 2021 оны 12 дугаар сарын 8-нд нийтлэн, хүргэж байсан билээ.
Эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон төслүүдийн талаар өнгөрсөн жилүүдэд ярьсаар л өнөөдрийг хүрсэн. Гол нь тэдгээр асуудал бүр цаасан дээрээс буудаггүйн учиг шалтгаан нь шат шатанд нэвчсэн авлигын тогтолцоотой холбоотойг хаа хаанаа одоо ойлгож буй.
Монголын ард иргэдийн олонхын сонголтоор, төрийн эрхийг хэрэгжүүлж буй МАН-ын удирдлагууд Их хурлынхаа индэр дээрээс авлигыг онилсон үгсийг итгэлтэй хэлж, ярьснаас хойш хоёр он дамнажээ.
“Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн талаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод МАН-ын даргын хувиар хэлэхдээ “Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай... Төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлээ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, шийдэл олох нь нэн чухал юм аа.
Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай... Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ ҮЙЛЧЛЭГЧ байх ёстой” гэсэн бол өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн хувиар танилцуулсан илтгэлдээ “МАН цаашид авлига, хүнд сурталтай тэмцэх болно. Тухайлбал, авлигын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн болон ёс зүйн зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусгаж хэрэгжүүлнэ. Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулна" гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд энэ хүрээнд зарим асуудлууд шийдэгдэж байна. Тухайлбал, Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Гэхдээ МАН-ын удирдлагууд асуудлын гүн рүү орж чадаагүй байгаа. "Транспэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг амаргүй, хүнд зорилт гэдгийг Засгийн газарт сануулж байсан юм.
Түүнчлэн Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ээлжит Ажлын хэсгээ энэ долоо хоногт байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )