Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.
Цалин нэмэх асуудалд цааргалж буй эрх баригчдад шахалт үзүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байна. Нийтийг хамарсан “Лхагва гарагийн ажил хаялт”-ын улмаас улс даяар сургуулиудын үйл ажиллагаа түр зогсож, галт тэрэгний ихэнх шугамын үйлчилгээ зогссоноос гадна цэргийнхэн хилийн шалган нэвтрүүлэх албаныханд туслахад хүрчээ.
2011 онд болсон төрийн албан хаагчдын жагсаалаас хойших хамгийн олон хүнийг хамарсан ажил хаялтад оролцсон хүмүүсийн олонх нь буюу 300 мянга орчим нь багш нар байлаа гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлж байна. Үндэсний хэмжээний энэ ажил хаялтад хагас сая ажилтан нэгдсэн гэж Британийн Үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдсэнийг “France Press” агентлаг дамжуулжээ.
"Багш нарын цалинг нэмэх ёстой. Боловсролд ихээхэн санхүүжилт хийх ёстой гэж би бодож байна. Хүүхдүүдэд сайн боловсрол олгохын тулд хоёр багшаас биш 20 багшаас сонгодог байх ёстой. Үүний тулд боловсон хүчин их, өрсөлдөөн ч их байх ёстой юм" хэмээн жагсаалд оролцогч, боловсролын байгууллагын төлөөлөл сэтгүүлчдэд ярьжээ.
Харин Ерөнхий сайд Риши Сунак улс орон даяар олон сая хүүхдийн сургуулийг завсардуулсан ажил хаялтыг буруутгажээ. Тэрбээр, “Үр хүүхдүүдийн маань боловсрол хамгийн үнэ цэнтэй гэдгийг би тодорхой хэлье. Өнөөдөр тэд сургуульдаа явж, хичээлээ заалгах эрхтэй” гэж мэдэгджээ. Сунакийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмбэл өсөн нэмэгдсээр байгаа инфляцыг улам хөөрөгдөх болно хэмээн үзэж үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа аж.
Лондон хотын төвийн дүүрэгт “Хүүхдүүд илүү сайн сайхныг хүртэх эрхтэй”, “Сургуулийг маань хэвийн ажиллуулъя гэвэл цалингаа нэм” гэсэн үгтэй уриа лоозонг барьсан олон мянган багш жагсжээ. Жагсаалд оролцсон төрийн албаны 120 гаруй нэгж хэлтсийн 100 мянга орчим ажилтныг төлөөлж буй “PCS” эвлэлийнхэн зохион байгуулалттай ажил хаялтыг цаашид дахин зохион байгуулж тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан байна. “Хэрвээ Засгийн газар энэ асуудлаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол бусад олон үйлдвэрчний эвлэл бидэнтэй нэгдэж өнөөдрийнх шиг өдөр олон удаа давтагдана гэж бодож байна” гэж “PCS”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Сервотка “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )