БНСУ-ын Сөүл хотын шүүх мягмар гарагт метроны буудлын ариун цэврийн өрөөнд хамтран ажилладаг байсан эмэгтэйгээ хөнөөсөн этгээдэд 40 жилийн ял оноожээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 14-нд 32 настай Жон Жү Хван гэх этгээд Сөүл хотын метроны Синдан өртөөний эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хамтран ажиллагчаа өс хонзонгийн сэдэлтэйгээр хөнөөсөн. Түүнийг метроны буудлын ажилчид болон ойролцоо явсан иргэд саатуулан цагдаа нарт хүлээлгэн өгсөн юм.
Прокурорууд түүнд цаазын ял оноохыг шаардсан. Гэмт этгээд хохирогч эмэгтэйг нууцаар мөрдөж байгаад цагдаад дуудагдаж байсан удаатай. Тухайн үед түүнд 9 жилийн ял төлөвлөөд байсан бөгөөд өс санасан этгээд бүсгүйг хөнөөхөөр шийдсэн тухайгаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байна.
Хэрэг болсон өдрийн маргааш сэжигтэнд холбогдох шүүх хурал болохоор товлогдсон байсан. Гэсэн ч харамсалтай нь хохирогч шүүх хурлын өмнө халдлагад өртөн ийнхүү нас баржээ.
Тус хэрэг гарсны дараа БНСУ-ын ард иргэд хуулиа өөрчлөхийг эрчимтэй шаардаж эхэлсэн. Энэхүү уриалга ч үр дүнд хүрч бусдыг нууцаар мөшгиж, зураг, бичлэгийг нь хийсэн этгээдэд хатуу шийтгэл ноогдуулдаг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )