Ховдод амиа алдсан охины хэрэгт НАГАЦ ЭГЧИЙГ НЬ сэжиглэн саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, амь насаа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.02.10/ мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд 15 настай эмэгтэй толгойдоо оёдол тавиулж, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэрэг дээр Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулан, Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. 

Амь хохирогч Ж нь 2023 нэгдүгээр сарын 12-ны өдөр толгойн тус газраа цохиулж гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан ба нэгдүгээр сарын 28-ны өдөр нас барсан байна. 

Энэ хэргийг амь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулж, цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. 

Цахим орчинд гарсан "Амь хохирогч сургуулийн орчимд үе тэнгийн дөрвөн хүүхдэд зодуулсан" гэх мэдээлэл нь худал бөгөөд сэжигтэн Ж гэгч нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар дээрх мэдээллийг түгээсэн нь тогтоогдсон” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top