“Танин мэдэхүй ба календарь-2023” тасалдаг хуанли гарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

1970,80-аад оны үед байсан тасалдаг хуанлийг та санаж байгаа биз дээ.  Өглөө босоод нэг хуудас таслан, тухайн өдрийнхөө зурхай, онцлох үйл явдлыг харчихдаг ханын календарь.

Тэгвэл яг ийм “Танин мэдэхүй ба календарь-2023” хуанли худалдаанд гараад байна. Энэхүү календарьт жилийн 365 өдөр бүр тухайн өдөр төрсөн онцлох хүний товч намтрыг фото зургийн хамт оруулжээ. Нийт 200 орчим өдөрт нь Монголын нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хүмүүсийг  багтаажээ.

Мөн 365 хуудасны ард нь танин мэдэхүйн мэдээлэл байгаа нь тун сонирхолтой. Монгол орон, дэлхийн газар зүй, хүн, ам, байгаль, ан, амьтдын тухай сонирхолтой мэдээллүүдийг багтаасан нь хүүхэд багачуудад тун хэрэгтэй.  

Календариас та өдөр бүр зурхай, билгийн тоолол, үс засуулах өдөр зэрэг монгол тооллын мэдээллийг харж болно. Түүнчлэн дэлхийн нийтээр болон Монгол улсад тэмдэглэдэг өдрүүдийн оруулсан нь шинэлэг байна. Нэг үгээр хэлэхэд эргээд дал, наяад ондоо очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн сайхан бүтээл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top