Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улсад олон улсаас аврагч нохдоо илгээсэн. БНСУ 4 эрэлч нохой илгээсэн бөгөөд лабрадор үүлдрийн Тобэек, Тина болон Белгийн Малиноис үүлдрийн Тори, Хете нар Турк улсын Антакья хотод үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Нохойн үнэрлэх болон сонсох чадвар үүлдрээсээ хамааран харилцан адилгүй байдаг ч эдгээр аврагч ноход хүнээс 10.000 дахин үнэрч, 50 дахин илүү сонсголтой байдаг гэнэ. Тиймээс эрэн хайх ажиллагааг илүү үр дүнтэй болгодог тэдний эрхийн асуудал эдгээр өдрүүдэд мөн хөндөгдөж эхэлжээ.
БНСУ-аас ирсэн 6 настай эрэлч нохой Тобэек баруун урд сарвуугаа эрлийн үеэр гэмтээжээ. Хурц зүйл дээр гишгэсэн түүнд эмнэлгийн тусламж үзүүлсний дараа аврах ажиллагаанд эргүүлэн оруулсан байна. Гэсэн ч энэ нь амьтны эрхийг хамгаалагчдын санааг зовоож эхэлсэн байна. Тэд аврагч нохдыг хамгаалах хэрэгслээр хангах шаардлагатай байгаа тухай үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна.
Тэд "Мексикт аврах ажиллагаанд оролцох гэж буй нохойнууддаа зориулалтын нүдний шил болон гутал өмсгөдөг. Манай улс яагаад нохойнуудаа ийм төрлийн хэрэгслээр хангадаггүй юм бэ" хэмээн бичиж эдгээр нохдын зургийг харьцуулах болсон гэнэ.
Харин аврах штабын мэдээлснээр бүх нохдыг дээрх төрлийн хангамжаар хангасан бөгөөд, зарим тохиолдолд аврах хэрэгсэл өмссөн үед эрсдэл үүсэх боломжтой байдаг тул аврах хэрэгслээ өмсөхгүй байх тохиолдол гардаг тухай тайлбарласан байна. Аврах албаны ноход ганц л эзэнтэй байдаг. Тэд нохойдоо юу хэрэг болж байгааг хэнээс ч илүү мэддэг учир санаа зовох шаардлагагүй гэжээ.
БНСУ-ын аврагч ноход өнгөрсөн ням гарагийн байдлаар нийт 8 хүний амийг аварч, 18 хүний цогцос илрүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )