Вакцины улмаас нас барсан гэх хүүгийн ээжийн гомдлыг ХЭРЭГСЭХГҮЙ болгов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

 

БНСУ-д элсэж орсон сургуульдаа хижиг болон бусад өвчний эсрэг вакцин хийлгэсний улмаас нас барсан гэх хүүгийн ээжийн гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр даваа гарагт Сөүл хотын захиргааны хэргийн шүүх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Талийгаач хүү тус улсын албадан вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаагүй тул улсаас нөхөн төлбөр өгөх боломжгүй хэмээн шүүхээс үзсэн байна. 

2019 онд хүү дотуур байртай сургуульд элсэн оржээ. Сургуулийн зүгээс сурагчдыг дотуур байранд орохоос өмнө хижиг, гепатит А, В вирусны эсрэг вакцинд хамруулах хүсэлт тавьсан байна. Энэхүү журмын дагуу хүү тухайн оны нэгдүгээр сард вакцин хийлгэжээ. Үүнээс зургаан сарын дараа гэртээ нас барсан хүүг шүүх шинжилгээний байгууллага тодорхойгүй шалтгаанаар нас барсан хэмээх дүгнэлт гаргасан байна. 

2021 оны арваннэгдүгээр сард хүүгийн ээж БНСУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрыг нөхөн төлбөр өгөхийг шаардаж, хүүгээ вакциний улмаас нас барсан гэжээ. 

Тус улсын хуульд 12 сартайгаас 23 сартай нярай хүүхдэд А вирусны эсрэг вакцин, бүх нярайд В вирусны эсрэг вакцин хийхээр заасан байдаг. Хижиг өвчний хувьд халдвартай бүс нутгаар зорчсон болон ойрын хавьтал болсон хүмүүст вакцин хийдэг. Шүүхээс талийгаачийг нярай хүүхэд биш, мөн халдвартай бүс нутагт зочоогүй, хавьтал болоогүй, мөн дээрх вакцинуудад хамрагдснаас үүдэн нас барсан гэх бодьтой нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top