Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн тамирчин багаасаа ХӨӨГДӨВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

 

Гуравдугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын бэйсболын "Lotte Giants" багийн шидэгч Со Жон Вон насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа нь олон нийтэд ил болжээ. 

Ёнхап ньюсийн мэдээлснээр түүнийг цагдан хорихгүйгээр шалгаж эхэлжээ. Түүний хэргийг эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс шалгаж байсан бөгөөд хэрэг прокурорт шилжээд байгаа аж. 

 

 

Спортын SPOTV сувгийн сурвалжлагч энэ тухай "Тамирчин Со Жон Вон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр цагдаад шалгагдаж байгааг баталсны дараа түүнийг Lotte Giants баг сахилгын хороог хуралдуулжээ. Прокурорын мөрдөн байцаалтын үр дүнгээс хамаарч хамгийн хатуу шийтгэл ноогдуулахаар шийдвэрлэсэн" хэмээн мэдээлсэн.

Харин түүний харьяалагддаг "Lotte Giant" багийн зүгээс "Манай нэг тоглогчийн хийсэн гутамшигт хэрэг явдалд уучлалт хүсмээр байна. Хөгжөөн дэмжигчдийн зүгээс талархал хүртсэн тоглогч маань насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдснийг өршөөх аргагүй. Түүний энэхүү үйлдэл түүнийг харж тамирчин болохыг мөрөөддөг хүүхэд багачуудын эсрэг үйлдсэн гэмт хэрэг учраас улам ч жигшүүртэй байна. Энэхүү явдал маш олон хүнийг хохироож байна. Бид тоглогчдоо сайн чиглүүлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.Багийнхаа тоглогчдод бэлгийн хүчирхийллийн эсрэг болон бэлгийн боловсролын тухай тогтмол сургалт явуулж, ийм зүйл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах болно" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top