К-поп дахь хамгийн эмгэнэлт үхлийн нууцыг УДАХГҮЙ ТАЙЛНА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

 

Одоогоос 28 жилийн өмнө Өмнөд Солонгосын DEUX хэмээх к-поп хамтлаг карьерийнхаа оргил үед ирээд байв. Хамтлаг И Хён Ду, Ким Сон Жэ хэмээх хоёр залуугаас бүрдэх бөгөөд тус хамтлаг хоёр жилийн туршид гурван цомог гаргажээ. Үүний дараа хамтлаг тарж, гишүүд бие даасан уран бүтээлээ туурвих болсон байна. 

Хамтлагийн гишүүн Ким Сон Жэ бие даасан тоглолтоо хийсэн өдрийнхөө маргааш буудаллаж байсан зочид буудлаасаа нас барсан байдалтай олджээ. Түүнийг унтаж байх үедээ зүрх нь гэнэт зогсож, нас барсан хэмээн үзэж байсан ч баруун гар дээрээс нь 28 удаа хатгасан зүүний ул мөр олдсон нь сэжиг төрүүлж эхэлжээ. Учир нь тэр солгой гартай хүн биш байсан учраас өөр хэн нэгэн үүнийг хийсэн байж болзошгүй гэх таамаглал төрүүлж эхэлсэн байна. 

Шинжилгээгээр түүний цуснаас амьтанд хэрэглэдэг мэдээ алдуулагч илэрчээ. Ингэснээр уг хэргийг эрүүгийн хэрэг болгон, хоёр жил үерхсэн найз бүсгүйг нь гол сэжигтнээр татан, шалгаж эхэлжээ. 

 

 

Талийгаач Ким Сон Жэ нас барахаасаа хэд хоногийн өмнө найз бүсгүйгээсээ салж байгаа тухайгаа утсаар мэдэгдсэн байна. Үүнээс үүдэн хорсол тээсэн найз бүсгүй нь түүнийг хордуулахаар шийдсэн гэж цагдаа нар мэдээлжээ. Тэд бүсгүйг малын эмнэлгээс мэдээ алдуулах эм болон магнийн сульфат, хоёр тариур авсан тухай олон нийтэд мэдээлсэн бөгөөд тоглолтоос үүдэн ядарсан Ким Сон Жэд сэргээх бэлдмэл тарьж өгье гэж хэлээд, 28 удаа тарьсан гэсэн байна. 

Харин бүсгүй дээрх эмийг шүдний эмчийн шалгалтандаа унасан учраас амиа хорлохын тулд худалдан авсан, удалгүй бодлоо өөрчлөн, тус эмнүүдийг хаясан хэмээн удаа дараа мэдүүлсэн байдаг. 

 

 

Анхан шатны шүүхээс бүсгүйд цаазаар авах ял оноосон. Түүний гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд хандсан ба шүүх хурлын үеэр нэгэн гэрч мэдүүлгээ өөрчлөн баттай санахгүй байгаа тухайгаа ярьжээ. Тиймээс нотлох баримт хангалтгүй гэж үзэн, бүсгүйн ялыг хэрэгсэхгүй болгосон байна. 

2019 онд SBS телевизийн "Хариултгүй асуултууд" нэвтрүүлгээр уг хэргийн тухай "28 зүүний сорви: Талийгаач Ким Сон Жэгийн нууцлаг үхэл" хэмээх гурван анги бүхий тусгай нэвтрүүлэг гарах байсан.

Тухайн үед талийгаачийн найз бүсгүй уг нэвтрүүлгийг олон нийтэд цацахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаж байжээ. Шүүх түүний хүсэлтийг харгалзан үзэж, нэвтрүүлгийг олон нийтэд цацахыг хоригложээ.  

 

 

Үүний дараа олон нийт хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн юм. Тэд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, үнэн мөнийг олохыг өнөөг хүртэл шаардсаар буй. Тус нэвтрүүлгийн продюсер саяхан тэдгээр хүмүүст зориулан "ОТТ платформ дээр нэвтрүүлгээ цацах төлөвлөгөөтэй байгаа" тухайгаа мэдэгджээ. Тэр мөн "К-Попын хамгийн цочирдом, эмгэнэлт хэргийн нууцыг энэ нэвтрүүлгээр тайлах болно" гэж мэдэгдсэн байна. 

Талийгаачийн найз бүсгүй өнгөрсөн хугацаанд шүдний эмч болжээ. Эмч залуутай гэр бүл зохиож, гадаад төрхөө өмнөхөөсөө тэс өөр болгон өөрчилсөн бүсгүй нэрээ ч мөн сольжээ.

Талийгаачийн шүтэн бишрэгчид түүний ажиллаж байсан шүдний эмнэлгийг хаалгаж, гэр бүлийнхнийх нь ажиллуулдаг байсан зочид буудлын үйл ажиллагааг ч зогсоож байсан удаатай. Харин энэ удаад түүнд ямар шийтгэл ирэх нь олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kulle (66.181.161.38) 2023 оны 03 сарын 28

Иргэн гэсэн нэртэй гөлөг минь ална шүү\n

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2023 оны 03 сарын 29

K-pop ч гэнэ үү холион бантан, рок поп урлагийг гуйвуулсан Солонгос бантан

0  |  8
Top