Н.Учрал: 13А маягтыг цахимаар илгээх боломжтой боллоо

2023 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлаар өнөөдөр /2023.04.12/ Цахим хөгжил, харилцаа холбоо (ЦХХХ)-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.


Тэрээр "Эрүүл мэндийн болон ЦХХХ-ны сайдын хамтарсан Ажлын хэсгийг өнгөрсөн хугацаанд байгуулж, Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах хамгаалах, баяжуулах, ашиглах журмын төслийг боловсруулж, одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia-д нэгтгэх ажлыг зохион байгуулаад байна.

Эрүүл мэндийн статистик мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчлүүлсэн хүний тоо 317.736 байна. Тиймээс хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэдгээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Үүний үр дүнд иргэд Е-Mongolia системд нэвтэрч, өөрийгөө ДАН системээр таниулж, хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж байгаа иргэд эмнэлэгт үзүүлэхдээ 13А маягтыг татаж авснаар аль ч эмнэлэгт үзүүлэх бололцоо бүрдсэн.

Төрийн үйлчилгээний 12 систем дээр нэмэгдээд 13А маягт Е-Mongolia-д албан ёсоор байршлаа.

Үүний цаана 800 гаруй анхан, лавлагаа шатлалын эмнэлгүүд системтэй бүрэн холбогдож байна. А13 цахим бүртгэлийн маягт 30 хүртэлх хоногийн хугацаанд үйлчилнэ.

ЭМЯ-ны зүгээс салбарынхаа бодлогыг барьж ажиллаж байгаагийн хувьд цахимжилтын ажлыг бодлогыг чиглэлээр хангаж ажиллахыг хариуцна. ЦХХХЯ бол мэдээлэл технологийн стандарт, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр ажиллана.

Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль дээр эрүүл мэндийн мэдээлэл нь эмзэг мэдээлэлд хамаарагддаг. Тиймээс эмзэг мэдээлэлд хамаарагдаж байгаа, дүрс оношилгооны болон бусад эрүүл мэндийн түүхүүдийг шууд e-Mongolia-д бүртгэх нь хуулиар зохимжгүй.

Харин алгын чинээ цаасны төлөө хүмүүст хүндрэл учруулдаг, 13А маягтаа орхисноос болоод эмчилгээ үйлчилгээнд хамрагдах чадахгүй байх зэрэг чирэгдэлгүй болж байна. Мөн нийслэлд ажиллаж байгаа 13 хурдан цэгүүд дээр очоод 13А маягтаа авах боломжтой.” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top