Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдөр /2023.04.12/-ийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд "Эрдэнэс тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ томилсон ажлаа дүгнэж, БЭТ-ийн ажиллах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн, сунгах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр 386 дугаар тогтоол гаргаж, БЭТ томилж байсан. Түүнээс хойш 6 орчим сарын хугацаанд "Эрдэнэс тавантолгой" ХК дээр дорвитой шинэчлэлт явагдаж, тус компанийн нүүрс олборлолтын хэмжээ 2.5 дахин, борлуулалтын орлого 3.5 дахин өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан.
Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нүүрсний борлуулалтыг хил нөхцөлөөр, биржээр худалдаалах зарчимд шилжсэн томоохон амжилтыг гаргасан байна.
Эдгээр эерэг өөрчлөлтүүдийг компанийн засаглалд хэвшүүлэх, цаашдаа хүнээс үл хамаарсан нээлттэй, ил тод засагллын хэлбэрийг бий болгох, улам хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах үүднээс Засгийн газрын БЭТ-ийн үйл ажиллагааг сунгаж ажиллуулах тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Яагаад гэхээр 1991 онд батлагдсан БЭТ томилдог хуулийн зохицуулалт нь сунгах тохиолдолд УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэхээр заасан байдаг.
БЭТ-ийн хугацаа сунгагдвал ЭТТ компани ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанийн бүх үйл ажиллагаанд аудит хийлгэх, цаашлаад олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд онцгойлон анхаарна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )