Түрээсийн луйврын гурав дахь хохирогч АМИА ХОРЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

 

Өмнөд Солонгост түрээсийн залилангийн хэрэг гарснаас үүдэн олон хүмүүс хохирсон хэрэг гарсан. Тус хэргийн хохирогч болсон хоёр оршин суугч амиа хорлосон хэрэг өмнө нь гарсан. Энэ долоо хоногийн даваа гарагт өөр нэгэн оршин суугч амиа хорлон нас барсан болохыг цагдаагийн газраас мэдээллээ. 

30 гаруй насны эмэгтэй Сөүлээс баруун тийш 27км зайд орших Инчон хотын Мижүхул дахь гэрээсээ ухаангүй байдалтай олджээ. Түүнийг шөнийн 02:12 цагт эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Бүсгүйн гэрээс гэрээслэл олдсон бөгөөд гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдоод байгаа аж.

Талийгаач Мижүхул дахь 161-р орон сууцан дахь түрээсийн байрны барьцаа болох 12.5 тэрбум воныг эргүүлэн өгөөгүй гэмт этгээдийн хохирогч болсон тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдээд байжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард тус байранд байр түрээслэдэг иргэд амьдарч байгаа байр нь дуудлага худалдаагаар зарагдсан болохыг мэджээ. Талийгаач тус байрыг түрээслэхдээ 90 сая вонын барьцаа өгчээ. Түрээсийн хугацаа дуусмагц уг мөнгөө түрээслэгчээс эргүүлэн авах ёстой байсан ч түрээслэгч байраа дуудлага худалдаагаар зарсан нь түрээслэгчдийг хүнд байдалд оруулсан байна. 

Энэхүү залилангийн хохирогч болсон иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд амиа хорлон нас барсан бол өөр нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт амиа хорлон нас баржээ. 

Тус улсын түрээсийн орон сууцнууд иргэдээс барьцаа хөрөнгө авч, түрээсийн хугацаа дуусмагц уг мөнгийг нь буцаан олгодог. Манай улсын иргэд ч мөн энэ төрлийн түрээсийн байранд амьдрах нь элбэг байдаг бөгөөд болзошгүй эрсдлээс хамгаалахыг сэрэмжлүүлж байна. 

 

Top