Хар тамхины луйврын сэжигтэнд ЦААЗААР АВАХ ял оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

 

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт өсвөр насны хүүхдүүдэд ой санамж, анхаарал төвлөрөл сайжруулдаг бэлдмэл хэмээн хар тамхины хольцтой ундаа тарааж байсан бүлэг этгээдүүдийг саатуулан баривчилжээ. Өмнөд Солонгост болсон уг хэрэг олон нийтийг багагүй цочролд оруулаад байгаа бөгөөд сэжигтэн гурван этгээдэд прокурорууд пүрэв гарагт яллах дүгнэлт үйлджээ. 

Өсвөр насныханд тараасан энэхүү ундаанд ердийнхөөс гурав дахин их метамфетамин агуулагдаж байсан нь тогтоогджээ. Сэжигтнүүд уг ундааг уусан зургаан сурагчийн эцэг эхийг "Хүүхдүүд чинь хар тамхи хэрэглэсэн гэдгийг цагдаад мэдүүлнэ" хэмээн сүрдүүлсэн байна. 

Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас сэжигтэн Гил, Пак нарыг сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй ундаа бэлтгэн нийлүүлсэн, мөнгө залилахад оролцсон хэрэгт буруутган яллажээ. Мөн Пак овогтой өөр нэгэн сэжигтэнд метамфетамин нийлүүлсэн хэрэгт буруутгажээ. 

Сэжигтэн Гилд өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлэх ажлыг зохион байгуулсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноожээ. Тэрээр 10 грамм метамфетамин худалдан авч 100 ширхэг мансууруулах бодистой ундаа үйлдвэрлэжээ. Үүнээс 13-г нь хүүхдүүдэд тараажээ. 9 хүүхэд уг ундаанаас ууж 6-д нь хий зүйл харах шинж тэмдэг илэрчээ. 

Эдгээр сэжигтнүүд Хятад дахь гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал мөн тогтоогдоод байгаа ажээ. Өмнөд Солонгосын цагдаа нар Хятадын цагдаа нартай хамтран бусад сэжигтнүүдийг илрүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай холбогдох эх сурвалжууд мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаазын ялыг сэргээ!.(202.9.40.227) 2023 оны 05 сарын 07

Монголд ч бас хүн сүгнүүд байгаа шүү. Тэдний орж тогтоон цаазаа авах хэрэгтэй

2  |  0
Top