3 эрэгтэй, 1 эмэгтэй машин дотор амиа хорлосон байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

 

БНСУ-ын Сөүл хотын өмнөд хэсэгт бүлэглэн амиа хорлосон хэрэг гарчээ. Холбогдох албаныхан 3 эрэгтэй, 1 эмэгтэй машин дотроо амиа алдсан байдалтай олдсон тухай мягмар гарагт олон нийтэд мэдээлжээ. 

30 орчим насны гурван эрэгтэй болон 20 гаруй насны нэг эмэгтэйг Гуанжу дахь гүүрэн гарцны доор байсан машинаас даваа гарагийн оройн 17:20 цагийн орчимд олжээ. Машин түрээсийн газрын ажилтан тэдний цогцосыг олсон бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус машиныг түрээсэлсэн аж. Хугацаанд нь машинаа буцаан өгөөгүй тул компанийн ажилтан тэдний байршлыг тогтоон байгаа газрыг нь олж очсоноор уг хэрэг ил болжээ. 

Цагдаа нар машинаас амиа алдсан хүмүүсийн гар утсыг хураан авчээ. Анхан шатны үзлэгээр цогцоснууд гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд амиа хорлосон байж болзошгүй ул мөр илрүүлсэн тухай цагдаа нар мэдээллээ. 

Тэд амиа хорлох зорилгоор онлайнаар танилцсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Цогцоснуудад задлан шинжилгээ хийж ямар шалтгааны улмаас нас барсан болохыг тогтоохын сацуу гар утсанд нь нэгжлэг хийхээр төлөвлөж байгаа тухай албаныхан дурджээ.

Тус улсад амиа хорлох явдал ихсэж байгаа тухай албаныхан онцолсоор буй. БНСУ-ын статистикийн албаны мэдээлснээр 2021 онд тус улсад амиа хорлолтын төвшин 100.000 хүн ам тутамд 26 байжээ. Хүйсээр авч үзвэр эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын төвшин 100.000 хүн тутамд 35.9 байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 100.000 хүн амд 16.2 байгаа нь хоёр дахин их үзүүлэлт юм.

Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад амиа хорлолт их байгаатай холбогдуулан сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийг жилд хоёр удаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар амиа хорлолтын хэмжээг 2027 он гэхэд 100.000 хүнд 18.2 болгон бууруулах зорилго тавиад байгаа гэнэ. 20-70 насны иргэдийн дунд сэтгэл гутрал, шизофрен, хоёрт туйлт эмгэг зэрэг сэтгэцийн эмгэг их байгаа тул илрүүлэх зорилгоор ийнхүү жилд хоёр удаа үзлэгт хамруулахаар болжээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top