Өлсгөлөнгийн улмаас таалал төгссөн хоёр настай охины эцэг, эхэд БНСУ-ын дээд шүүх 30 жилийн хорих ял ноогдуулжээ.
Сөүлээс зүүн өмнөд зүгт байрлах Улсан хотод амьдардаг 20 гаруй насны хосууд 2021 оны аравдугаар сараас эхлэн таван сар орчмын хугацаанд охинд хангалттай хэмжээний хоол хүнс өгөлгүй хайхрамжгүй хандаж байсан нь тогтоогджээ.
Охин 2022 оны гуравдугаар сарын 3-нд хоол тэжээлийн дутагдал, тархины цус алдалтын улмаас нас баржээ. Мөн хосууд 17 сартай хүүгээ улмаас хоол тэжээлийн дутагдалд оруулсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болгосон хэрэгт буруутгагдаж байжээ.
Хосууд төрөөс хүүхдийн мөнгө авдаг байсан. Найз нөхөдтэйгөө уулзах, тоглоом тоглох нэрийдлээр хүүхдүүдээ хоол хүнсгүй гэртээ орхиж, харгалзах хүнгүйгээр 25 цаг хүртэлх хугацаагаар орхидог байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Өнгөрсөн долдугаар сард дүүргийн шүүхээс хохирогчийн эцэг, эхэд 30 жилийн хорих ял оноосон. Мөн хүүхэдтэй холбоотой байгууллагад ажиллах эрхийг 10 жилээр хасаж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамруулах шийдвэр гаргажээ.
Хосууд давж заалдах шатны шүүх дээр бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгчээ. Талийгаачийн ээж охиноо өлсгөлөнгийн улмаас бус аавынхаа зодуураас үүдэн нас барсан хэмээн мэдүүлсэн бол хойд эцэг нь хохирогчийн хууль ёсны асран хамгаалагч биш учраас энэхүү хэрэгт хариуцлага хүлээх ёсгүй гэжээ. Давж заалдах шатны шүүхээс тэднийг охины үхэлд буруутай гэж үзэн ялыг хэвээр үлдээжээ.
Сэтгэгдэл ( 0 )