“Их 7” дайныг дуусгахад ОХУ-ыг шахахыг Хятадад УРИАЛАВ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

“Их-7” бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт энэ жил Японы Хирошима хотод боллоо. АНУ, Япон, Их Британи, Герман, Франц, Итали, Канад улс болон Европын Холбоо багтдаг энэ бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа Хятадад хандсан мэдэгдэл болон Оросын эсрэг нэмэлт хоригийн тухай мэдэгдэл гаргав.

“Их 7” бүлэг нэмэлт хориг тавих замаар ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Тэр дундаа Украины дайнд ашиглах боломжтой бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоохоор ярилцсан байна. Тухайлбал, АНУ Орос болон бусад холбоотон улсын 70 хувь хүн ба компанийн эсрэг экспортын хориг тавихаар төлөвлөжээ. Уг хоригт өртсөн хувь хүн болон компаниуд АНУ-ын Худалдааны департментын хар жагсаалтад бичигдэх аж.

Түүнчлэн “Их 7” бүлгийн гишүүн орнууд ОХУ-ын Засгийн газрын хөрөнгийг дайн дуустал царцаасан хэвээр байлгана гэжээ. Мөн ОХУ-ын очир эрдэнийн худалдааг хянахад хамтран ажиллахаар тохиролцсон байна.

В.Зеленськийн уриалга

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ыг сүүлчийн эзлэн түрэмгийлэгч болгохыг “Их 7”-д уриалжээ. Украины Ерөнхийлөгч “Оросыг сүүлчийн эзлэн түрэмгийлэгч болгон түүхэнд үлдээх замаар дэлхий дахинд энх тайван тогтоохыг уриалж байна. Бид бусад болзошгүй түрэмгийлэгчдийг мохоох болно. Тэд дэлхий нийт энх тайвны төлөө шийдэмгий зогсож байгааг хараад дайн эхлүүлэх нь ямар утгагүй зүйл болохыг ухаарах болно” гэв.

Түүнийг Хирошимагаас тун олзтой буцаж байгааг шинжээчид онцолсон. Яаруу буцсан Зеленський зарим улсын тэргүүнтэй уулзаж амжаагүй аж. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Хирошима хотод болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй хийх ёстой байсан уулзалтад Зеленський ирээгүйг мэдэгджээ. Бразилын Ерөнхийлөгч Луис да Силва “Миний урам хугараагүй, харин бухимдсан. Яагаад гэвэл түүнтэй уулзмаар байсан юм” гэсэн байна. Тэрбээр мөн Володимир Зеленськийг “Тэр юу хийж буйгаа мэддэг том болсон хүн” гэжээ. Үүнээс гадна Бразилын тал Украины төлөөлөгч нар саатсан талаарх мэдээллийг авсан байсан талаар Луис Инасиу Лула да Силва ярьжээ.

Бразилын Ерөнхийлөгч тийнхүү Вьетнамын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаад Украины Ерөнхийлөгчийг хүлээсэн боловч Володимир Зеленський ирээгүй гэнэ. Лула да Силва өмнө нь “Украины сөргөлдөөн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулах шаардлагатай байгаа цорын ганц сөргөлдөөн биш” гэж мэдэгдсэн билээ.

АНУ-аас Украинд үзүүлэх тусламж

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их 7”-гийн уулзалтын үеэр Украинд 375 сая ам.долларын зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Мөн “F-16” сөнөөгч нисэх онгоцны нисгэгчдийг Украинд бэлдэж өгөхөө амлав.

Үүний өмнө Их Британийн эрх баригчид энэ зун Украины нисгэгчдийг нислэгийн үндсэн курст хамруулж сургахаа амалсан. Үүний зорилго нь Украины нисгэгчдэд янз бүрийн төрлийн нисэх онгоцтой харьцах ур чадварыг олгох явдал юм. Энэхүү сургалт нь Украинд илүүд үздэг “F-16” сөнөөгч онгоцыг нийлүүлэх асуудлаар Их Британи бусад улстай хамтран ажиллаж байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэсэн байна. Мөн Украин улс байлдааны эрчимтэй үйл ажиллагаанд бэлтгэж байгааг онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийсэн тухайгаа Телеграм хуудсаараа дамжуулан Их Британи бол Украины Зэвсэгт хүчний чадавхыг газар болон тэнгэрт өргөжүүлэх тал дээр “удирдагч” гэдгийг онцолсон юм.

БНХАУ-д хандсан уриалга

“Их 7” бүлгийн уулзалтаар гишүүн орнууд дайныг дуусгахад ОХУ-ыг шахах, Тайванийн статусыг хүндэтгэх, шударга худалдаа хийхийг БНХАУ-д уриаллаа. Дээд хэмжээний уулзалтаар БНХАУ-д хандан хамтарсан мэдэгдэл гаргав. Аж үйлдвэржсэн долоон гүрний удирдагчид уг мэдэгдэлдээ Хятад улсад хор хөнөөл учруулах сонирхолгүй байгаагаа онцлоод илэн далангүй, тогтвортой харилцаа тогтоох хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.

Тэд хамтарсан мэдэгдэлдээ “Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зогсоож, Украины нутаг дэвсгэрээс ямар нэгэн болзол нөхцөлгүйгээр цэргээ нэн даруй, бүрэн гаргах асуудлаар Оросын талд шахалт үзүүлэхийг Хятад улсад уриалж байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрэмд суурилсан иж бүрэн, эрх тэгш, урт хугацааны энх тайван байдал тогтоохын төлөө хүчин чармайлт гаргахыг БНХАУ-аас хүсэж байна” гэжээ.

БНХАУ-ыг дэлхийд гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн хүчин чадал нь улсыг уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ядуу буурай орнуудын өр зээл, санхүүжүүлэх хэрэгцээ, дэлхий дахины эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлууд дээр хамтран ажиллах шаардлага үүсгэж байгааг “Их 7” онцолсон байна.

Мөн Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт цэрэг зэвсгийн байр сууриа бэхжүүлж, Тайванийн өөртөө засаглах эрхэд аюул занал учруулж буйд нь ноцтой санаа зовниж буйг хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Тайванийн асуудлыг хүчээр биш, энх тайван замаар шийдвэрлэхийг Бээжингийн эрх баригчдад уриалсан мэдэгдэлд мөн Төвөд, Хонконг, Шинжаан Уйгарын хүний эрхийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ “Их 7” нь худалдаа, хөрөнгө оруулалтыг зүй бус аргаар хязгаарлах, технологи, мэдээллийг хууль бусаар шилжүүлж авах зэрэг эдийн засгийн хор хөнөөлтэй үйлдлүүдтэй тууштай тэмцэхээ анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвгөн джо д(202.9.40.125) 2023 оны 05 сарын 23

дэлхийн джо өвөгнийн үгээр байхаа больсон гэдэгийг багахан цаг хугцаа л харуулна даа

0  |  0
Аааааа(202.21.108.14) 2023 оны 05 сарын 23

Гошного Долоо хариугүй ялагдах болчихоод Хятадаас Оросыг ятгаад өгөөчээ гэж л гуйсан байна. Арга яджээ.

2  |  0
ТА НАР ХЭН ЮМ БЭ ??(192.82.73.70) 2023 оны 05 сарын 23

ХУЦВАА

1  |  0
би(64.119.20.216) 2023 оны 05 сарын 23

их долоо дэлхийн удирдагч юмуу хамгийн болдоггүй улсууд шүү дээ одоо хүртэл колончлогч

2  |  0
Монгол(202.55.183.178) 2023 оны 05 сарын 23

G7 өөрсдөө болохоор дураараа хориг тавьж цэрэг оруулж зэвсгээ худалддаг. Хятад Оросыг болохоор хууль бус буруу зүйлс гэж хэт нэг талдаа ярьж байгаа нь өөрөө буруу лдаа.

2  |  0
Top