Украины сөрөг довтолгоо: Долоо хоногт ямар үр дүнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш долоо хоног өнгөрөөд байна. Оросын хэвлэл Украины сөнөсөн хуягт техникийн гэрэл зураг, дүрс бичлэгийг үзүүлж байгаа бол Украин газар нутаг, сууринуудыг чөлөөлсөн тухай мэдээлж байна. Гэхдээ 2023 оны зууны ажиллагааны шийдвэрлэх тулаан дөнгөж эхэлж байгаа тул ямар нэгэн дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна. Өмнө илүү чухал, илүү ширүүн тулаанууд хүлээж байгаа. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хамгийн ширүүн тулаан болж буй дөрвөн бүс нутаг тодорхой болсон. Эдгээр нь Орехов хот, Велика Новоселка орчим, Марьинка болон Бахмут. 

Даваа гарагт мэдээлснээр, Украины Зэвсэгт хүчин Велика Новоселка орчмын хэд хэдэн тосгоныг чөлөөлжээ. Мөн Украины арми Бахмутын чиглэлд давшиж буй талаар мэдээлсэн. Гэхдээ энэ чиглэлд томоохон сууринуудыг чөлөөлсөн тухай мэдээлэл хараахан гараагүй байна. Украины эх сурвалжуудын мэдээллээр, Оросын арми бүх чиглэлд сөрөг довтолгоо хийж байна. 

Оросын хэвлэлүүдийн мэдээллээр, Украины Зэвсэгт хүчин хохирол амсаж байна. Хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй учир нь Украины тал энэ талаар мэдээлдэггүй. Гэсэн хэдий ч “Oryx” судалгааны төслийн мэдээллээр, Украины тал явган цэргийн 17 “M2A2 Bradley” байлдааны машин, “AMX-10RC” хуягт машин, хоёр “Leopard 2A4, гурван “Leopard 2A6” танк алдаад байна. 

Украины арми Запорожийн чиглэлд идэвхэжсэн тухай энэ сарын 4-нөөс мэдээлж эхэлсэн юм. 

Сүүлийн 3-4 хоногт Украины Зэвсэгт хүчин Велика Новоселка орчимд 8-10 км урагшилж, Старомлиновка тосгонд ойртжээ. Энэ суурин Оросын хамгаалалтын гол зангилаа юм. 
Одоогоор Украины тал энэ чиглэлийн баруун жигүүрт амжилт гарган дөрвөн тосгоныг чөлөөлөөд байгаа бол зүүн жигүүрт нөхцөл байдал өөр байна. Хэрэв Украины тал зүүн жигүүрт Оросын хамгаалалтыг сэтэлж чадвал оросууд бүслэлтэд орохгүйн тулд ухрахаас өөр аргагүйд хүрнэ. 

Хохирол 

Сөрөг давшилт эхэлснээс хойш Украины Зэвсэгт хүчний хувьд амаргүй байх нь тодорхой байсан.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины тал асар их хэмжээний хохирол амсаж буй талаар мэдээлсэн ч Оросын цэргийн блогерууд хүртэл тоо, баримт нь бодит гэдэгт эргэлзсэн. Жишээ нь, энэ сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Украины тал 1600 гаруй цэрэг, 28 танк, 136 нэгж цэргийн техник алдсан тухай мэдээлсэн. Мөн өдөр “Leopard” танкийг устгаж буй дүрс бичлэг гарсан. Харин сөнөөсөн гэх танк нь талбайд зогсож байсан “John Deere” трактор болох нь тогтоогдсон.

Энэ мэт мэдээлэл Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд итгэх итгэлийг бууруулсан ч өрнөдийн “Leopard 2A6” танк зэрэг бодит техникийн сүйрсэн болон устгагдсан байдалтай гэрэл зураг интернэтэд тавигдсаар байна. Ингэхдээ ихэнх дүрс бичлэг болон гэрэл зураг газраас бус дроноос авчээ. 

Оросын тактик 

Оросын хувьд юуны өмнө Украины хүчний давшилтыг тогтоож, нэмэлт хүчээ татах нь чухал. Оросын тал нөөцөө фронт руу татаж эхэлсэн эсэх, эхэлсэн бол хэр их хэмжээгээр татаж байгаа нь тодорхойгүй байна. Оросын армид сүүлийн саруудад яригдаж байсан зэр зэвсгийн хомсдол нь хэмнэх зорилготой байсныг илтгэж байна. Сум, зэвсгийг Украины сөрөг довтолгоонд зориулж, хэмнэж байсан нь илт байна. Харин өдгөө ийн хэмнэсэн сумаа давшилтад орсон Украины цэргүүд рүү гал нээхэд ашиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын талаас их буугаар идэвхтэй галлаж эхэлжээ. Оросын арми сүүлийн хэдэн сар хуримтлуулсан сумаа ашиглахаас гадна цэргийн онгоцнуудаа илүү идэвхтэй дайчилж эхэлжээ. Нисдэг тэрэгнээс авсан дүрс бичлэгээс үзвэл, Украины хуягт техникт ширүүн цохилт өгч байна. 

Оросыг дэмжигч “Lostarmour” мэдээллийн портал Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш нисдэг тэрэгний камераар авсан дүрс бичлэгийн жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтад нийт 158 дүрс бичлэг орсноос 49-ыг нь 2023 оны зургаадугаар сард хийсэн байна. Дүрс бичлэгээс үзвэл, Оросын нисэх хүчний тактик өмнөх саруудаас мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Өмнө нь нисдэг тэрэгнүүд байгаа зайнаас галлаж байсан бол өдгөө байлдааны бүсэд орж, илүү шийдэмгий болсон байна. 

Гэхдээ давшилтыг их буугаар зогсоох боломжгүй. Үүнийг газар дээр шийдэх ёстой. Тиймээс давшилтын бүс руу нэмэлт хүч татаж байж болзошгүй. 

Оросын командлал хүнд сорилтыг шийдвэрлэх ёстой болоод байна. Нэг талаас хамгаалалтад шаардлагатай хүчийг дайчлах, нөгөө талаар бусад чиглэлийн хүчийг сулруулахгүй байх шаардлагатай. Украины командлалын төлөвлөгөөний талаар мэдээлэл байхгүй тул бусад чиглэлд хүч дутагдахыг үгүйсгэх аргагүй. 

Украины тактик

Одоогоор чухал мэт харагдаж буй чиглэлүүд чухал хэвээр байвал Украины Зэвсэгт хүчин фронтыг сэтэлж, гол хүчээ гаргах хэрэгтэй. Орехов, Велика Новоселка, Марьинка, Бахмутын чиглэлд давшиж буй хүч нь сөрөг довтолгоонд бэлтгэгдсэн хүчний нэгээхэн хэсэг юм. Украины жанжин штаб өөрийн гэсэн нөөц хүчтэй. Давших үед нэмэлт хүчийг хуваарилахад хялбар байдаг. Учир нь ар талыг бүрэн дайчилдаг тул дараагийн цохилт хаана байхыг тогтоосон цагт давшилтад ороход илүү тохиромжтой. 

Украины Зэвсэгт хүчний сул тал нь агаарын дэмжлэг муу. Орчин цагийн дайн агаараас ихээхэн хамааралтай. Украины Зэвсэгт хүчин сөнөөгч онгоц нийлүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч татгалзсан хариу авсан тул сөнөөгч онгоцгүй давшилтад орох шийдвэр гаргасан. Тиймээс их бууны ангид нисэх хүчний даалгаврыг гүйцэтгэх хүнд үүрэг ногдож байна. Нисэх онгоц гүүр, зам, цувааг устгах үүрэгтэй. Ням гарагт Якимовка тосгонд төмөр замын гүүрийг устгасан. Энэ гүүрээр Оросын тал Крымээс Мелитополь руу зэр зэвсэг тээвэрлэж байсан тул устгах нь чухал байсан гэж Украины цэргийн шинжээчид онцолжээ. Гүүрийг хэрхэн устгасан нөхцөл байдал тодорхойгүй ч Украины Зэвсэгт хүчин нисэх онгоцгүй ч Оросын талын нэмэлт хүч татах ажиллагаанд саад учруулахыг хичээж буй нь харагдаж байна. 

Цааш хэрхэх вэ?

Оросын хэвлэлүүд болон нийгмийн сүлжээнд Украины Зэвсэгт хүчин ихээхэн хохирол амсаж буй талаар мэдээлж байна. Гэхдээ ихэнх шинжээчид давшилтын явцад хохирол амсах нь дамжиггүй гэж мэдэгдэж байна. Давшиж буй тал хэдэн танк, техник алдсан нь чухал биш. Харин байлдах чадварт нь хэрхэн нөлөөлсөн нь чухал. 

Энэ бол зөвхөн оршил. Украины арми галын шугам руу цөмрөн орж, нэмэлт хүчээ татаж байна. Гэхдээ гол хүчээ оруулаагүй. Цэрэг галын шугамд хэр тэсвэртэй, удирдлагын тогтвортой байдал бүхнийг шийднэ. Тэр үед л давшилт амжилттай эсэхийг харах боломжтой болно гэж Израилын цэргийн шинжээч Давид Хенделман бичжээ.

Украины Зэвсэгт хүчний давшилтын нөөц боломжийг үнэлэхэд амаргүй. Учир нь мэдээлэл тун бага байна. Мөн Оросын командлал өөрийн хүчээ хэрхэн хуваарилах нь ч тодорхойгүй байна. 

Хоёр талын цэргүүдийн сэтгэл зүйн ямар байдалд байгааг ойлгоход бүр хэцүү. Тэдний бэлтгэл, сэтгэл зүйн байдлаас Украины давшилт, Оросын хамгаалалтын үр дүн их хамаарна. Эх сурвалж. ВВС 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.209) 2024 оны 09 сарын 14

орос ингэж шившиг болно гэж хэн ч санаагүй байхаа.

0  |  0
Zochin(43.242.243.63) 2023 оны 06 сарын 20

Мэдэхгүй юм даа. Украйнчууд бас блогтоо танкууд нь их устаж байгаа тухай бичээд л байна.

0  |  0
shal hudalaa buraad (59.153.114.36) 2023 оны 06 сарын 14

dood hoer mald oros ylagdval hujaagiin kolonn bolj mongol duusan shuu. orosuud asar ih tehnik hvn hvchiig ustgaad bgaa tl ene sorog davshilt bol amia horlolt bolood bna. baruuniih ihenh shinjeech ene davshilt amjiltgui bolon geed bgaa ch dee.

1  |  0
Эх оронч(202.21.108.25) 2024 оны 09 сарын 14

Фашист Путин үхэх ёстой. Орос ялагдах нь монголд ашигтай.

1  |  1
Зочин(192.82.70.47) 2023 оны 06 сарын 14

Путлерийн эхлүүлсэн энэ дайн ямарч тохиолдолд украйны ялалтаар төгсөнө.дараа нь орос украйны талд репараци буюу халдан довтолсныхоо өр төлөөс олон зуун млрд $ төлөх болно.манай нэг улны хар масс юмнууд оросялнаа,путинагуу гэж ороилолдох юм.тэр орос,тэр путлер чинь аль хэдийн ялагдсаан.тэрийг ойлгож мэдрэх хэрэгтэй.21-р зууны шинэ фашизм буюу рашизм гэдэг хогийн бузар бодлогын эсрэг украйн сөрөн зогсож,тэр хорт могойг даран сөнөөж бна.хэрэв ингээгүй бол украйны дараа дундад азийн станууд эзлэгдэх бсаан.мөн манай монголын тусгаар тогтнолд ч аюул үүсэх бсаан.геополитикийн талаасаа ийм л юм

1  |  1
Top