Доналд Трамп: Би буруугүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Майами хотын шүүхэд дуудагдсан. Түүнийг нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хууль бусаар хадгалж байсан гэх хэрэгт 37 зүйл заалтаар буруутгаад байгаа. Трамп өөрөө шүүхэд буруугүй хэмээн мэдэгдсэн. 

Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл Трамп их хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл хорих ял авч магадгүй. Гэхдээ АНУ-ын хуулиар Трамп сонгуулийн сурталчилгаагаа явуулж, сонгогдсон тохиолдолд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших эрхтэй. 

Трамп өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргийг улс төрийн зорилготой хэмээн онцолж байгаа ба 2024 онд Цагаан ордонд буцаж ирэхийн тулд сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд байна. 

Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь дэмжигчдийнх нь ч тэр, үзэн ядагчдынх нь ч тэр хандлагад бараг нөлөөлөөгүй байна. Бүгд найрамдах намыг дэмжигчдийн ихэнх нь энэ хэрэг Трампыг дахин сонгогдоход нь саад учруулахын тулд улс төрийн зорилго агуулж байна гэдэгт итгэлтэй байна. Бүгд найрамдахчуудын  дунд явуулсан судалгааны дүн тус намынхны дийлэнх олонх ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн тохиромжтой хүн хэмээн үзэж байна. 

“Би бүгдийг даана” 

“Бид буруугүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна” хэмээн Трампын өмгөөлөгч Тодд Бланш шүүхийн урьдчилсан сонсголын үеэр мэдэгдсэн. Үүний дараа Доналд Трампт шүүхийн танхимыг орхин гарахыг зөвшөөрсөн. Ингэхдээ түүнд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийх хориг, хязгаарлалт тавьсангүй. Трамп хэдийгээр хувийн онгоцтой ч гэсэн түүнд оргон зайлах эрсдэл байхгүй гэж прокурорууд үзжээ. Учир нь Трамп өнөө хэр тусгай албаныхны хамгаалалтад байгаа. 

Шүүхийн байрнаас гарангуутаа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч нисэх онгоцны буудал руу хөдөлж, тэндээс Нью Жерси мужийн Бедминстер рүү нисэв. Тэнд түүний гольфын клуб, хувийн өргөө бий. Буцах замдаа Доналд Трамп Майами дахь алдарт “Cafe Versailles” ресторанд тухалж, дэмжигчдийн уухайн дунд төрсөн өдрөө тохиолдуулан тэнд байсан хүн бүхнийг өөрийнхөө мөнгөөр дайлав. Лхагва гарагт Трамп 77 насыг зоогложээ. 

Доналд Трамп эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдан, шүүхийн өмнө зогссон анхны АНУ-ын Ерөнхийлөгч болсон. Гэхдээ хуулиар тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Цагаан ордонд эргэн ирэх боломжтой. Түүнийг буруутай гэж үзсэн ч хамаагүй. 

Үүнтэй зэрэгцэн бүгд найрамдах намынхан мөн л нууцын зэрэглэлтэй баримт бичгийг хууль бусаар өргөөндөө хадгалж байсан Цагаан ордны тэргүүн Жо Байденыг шалгахыг уриалж байгаа. 

Шүүхийн сонсголд ирэхээс өмнө Доналд Трамп нийгмийн сүлжээнд пост оруулсан. Постондоо тэрбээр түүнийг хэргийг шалгаж буй тусгай зөвлөх Жек Смитийг “Трампыг үзэн ядагч” хэмээн нэрлээд, түүнийг гэр бүл, найз нөхдийнх нь хамт баримт бичгийг хуурамчаар үйлдсэнд буруутгаж, хүрсэн бүхнийгээ “бузарладаг” хэмээн гашуун үг дайв. 

Смит ч мөчөөгөө өгдөггүй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Трампыг буруутгаж буй зүйл заалтын жагсаалтыг уншиж байхдаа шүүх хурлыг тэсэн ядан хүлээж буй тухай мэдэгдэж байсан юм. 

Трампын хувь заяа хэний гарт вэ?

АНУ-ын хуучин ерөнхийлөгчийн хувь заяа 12 тангарагтны гарт буй. Холбооны шүүх яллах шийдвэр гаргахын тулд прокурорууд шүүгдэгчийн буруутай гэдгийг бүрэн дүүрэн, эргэлт буцалтгүй нотолсон гэдэгт тангарагтнууд санал нэгдэх учиртай. Хэрэв тэд бүгд санал нэгдэж чадахгүй бол шүүх хурлыг болоогүйд тооцож, прокурорууд шүүх хурал шинээр явуулахыг шаардах эрхтэй. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Трампын томилсон холбооны шүүгч Эйлин Кэннон даргална. Энэ хэрэгт түүний нөлөө их байна гэж үзэж байгаа ч эргэлзээтэй. Учир нь тэр бүрэн эрхээ хуучин ерөнхийлөгчийн эрх ашгийн төлөө ашиглана гэдэг нь туйлын эргэлзээтэй. Шүүхийн нэр хүнд хамаагүй үнэ цэнтэй. 

Трампыг юуны төлөө шүүж байна вэ?

Трампыг нууцын зэрэглэлтэй баримт бичигт хайнга хандсан гэж буруутгаж байна. Түүнийг нэг улсын /Афганистан гэж үзэж байгаа/ нууцын зэрэглэлтэй цэргийн газрын зураг болон бусад улс /Иран гэж үзэж байгаа/ руу цэргээ оруулах төлөвлөгөөг Нью Жерси дэх гольфын клубынхаа гишүүдэд үзүүлсэн байж болзошгүй хэмээн буруутгаж байна. Гэхдээ үүнийг төрийн нууцыг гаднын улс оронд дамжуулсан эсвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэсэн асуудалд хамаатуулж, үзэхгүй байгаа. 

Нууц баримт бичигтэй холбоотой асуудал 1917 оны Тагнуулын тухай хуулиар зохицуулагддаг. 

Трампын тохиолдолд түүнийг нууц мэдээллийг хууль бусаар хадгалсан удаа дараагийн тохиолдолд буруутгаж байна. Ингэхдээ тохиолдол бүр нь Тагнуулын тухай хуульд хамаарна. Нийт 31 тохиолдол. Энэ нь 10 жил хүртэлх хорих ял, 250 мянган ам.долларын хэмжээний торгууль төлөх заалттай. 

Яллагч талын өмнө ямар ч баримт бичгийг ил болгох бүрэн эрх бүхий албан тушаал хашиж байсан Трампын үйлдэлд гэмт хэргийн сэдэл байсан гэж тангарагтнуудыг итгүүлэх амаргүй даалгавар бий. 

Нэр хүндэд ямар ч хохиролгүй

“Reuters” агентлагийн Францын “Ipsos” судалгааны компанитай хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл холбооны түвшинд Трампын эсрэг үүсгэсэн хэрэг түүний нэр хүндэд бараг нөлөөлөөгүй байна. Түүний дэмжигчдийн дэмжлэг хэвээр байгаа ба Трамп Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх сунгаанд бат итгэлтэй тэргүүлж байна. Судалгаанд оролцогчдын 62 хувь, тэр дундаа ардчилсан намынхны 91 хувь, бүгд найрамдахчуудын 35 хувь Трамп нууц баримт бичгүүдийг Флорида дахь өөрийн эдлэндээ хууль бусаар хадгалж байсан гэдгийг үнэн гэж үзэж байгаа ч бүгд найрамдахчуудын 81 хувь түүнийг улс төрийн зорилгоор буруутгаж байна гэдэгт итгэсэн хэвээр. 

Ингэхдээ бүгд найрамдахчуудын 43 хувь Трамп нэр дэвшихийг илүүд үзэж байгаа бол Десантисыг үүнээс хоёр дахин бага оролцогч дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр горилж буй бусад өрсөлдөгчид, тэр дундаа саяхан энэ тухай зарласан АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс хэдхэн хувийн дэмжлэг авчээ. 

Трамп хэдийгээр гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ч ерөнхийлөгчийн сунгаанаас ухрахгүй хэмээн мэдэгдсэн. “Би хаашаа ч явахгүй. Би явах байсан бол бүр 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө явах байсан” гэж Доналд Трамп хувийн онгоцондоо “Politico” сурвалжлагчтай ярилцахдаа онцолжээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(141.156.129.149) 2023 оны 06 сарын 17

Galzuu gar

1  |  0
S(141.156.129.149) 2023 оны 06 сарын 17

Galzuu uvuu

1  |  0
зочин (202.9.46.24) 2023 оны 06 сарын 17

Жинхэнэ эрэмгий дайчин тэмцэгч

0  |  2
Top