БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хийсэн уулзалтын үеэр Вашингтон Бээжинтэй харилцах харилцаан дээр ухаалаг байр суурь баримтална хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Энтони Блинкен өөрийн зүгээс, АНУ Хятадтай сөргөлдөх, шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байгаа ба Тайванийн тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байна хэмээн мэдэгджээ.
35 минут үргэлжилсэн энэхүү уулзалт нь Энтони Блинкений Бээжинд хийсэн айлчлалын гол үр дүн байв.
Хоёр талын хэлэлцээ
Хэлэлцээний үеэр талууд Тайванийн асуудал, Хятадын эсрэг тавьсан Вашингтоны хориг арга хэмжээнүүд, Украины асуудлаарх өөрсдийн байр сууриа дахин илэрхийлэв. Хятадын тэргүүн хэлэлцээний явцад зарим асуудлаар дэвшилд хүрсэн хэмээн мэдэгдсэн ямар асуудал гэдгийг тодруулаагүй байна. Тэрбээр мөн Блинкений айлчлал хоёр улсын харилцааг тогтворжуулахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, дэлхий дахин хөгжиж, цаг үе өөрчлөгдөж байна. Дэлхий дахинд БНХАУ, АНУ-ын харилцаа тогтвортой байх нь хэрэгтэй. Хүн төрөлхтний хэтийн төлөв, хувь заяа тус хоёр улс зэрэгцэн орших зөв замыг олох эсэхээс шалтгаална. Америкчуудын нэгэн адил хятадууд ч гэсэн нэр төрөө эрхэмлэсэн, өөртөө итгэлтэй, өөрийн хүчин чадалд тулгуурласан ард түмэн ба сайхан амьдрах эрхтэй. Хоёр улсын нэгдмэл эрх ашигт онцгой ач холбогдол өгөх шаардлагатай. Аль нэг улсын амжилт нь нөгөө талын хувьд аюул заналхийлэл бус боломж юм хэмээн Ши Жиньпин онцолжээ. БНХАУ нь АНУ-ын эрх ашгийг хүндэтгэж, заналхийлэх, орлохыг эрмэлздэггүйн нэгэн адил АНУ ч Хятадыг хүндэтгэн, түүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулах ёсгүй. Аль ч тал өөрийн хүсэлдээ тохируулан нөгөө талыгаа өөрчлөхийг оролдох ёсгүй, тэр дундаа хөгжих зүйн ёсны эрхийг нь хясах учиргүй гэжээ.
Энтони Блинкений хэлснээр, АНУ болон БНХАУ-д харилцаагаа хариуцлагатай удирдан чиглүүлэх үүрэг ногддог хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч үздэг. Энэ нь хоёр улсын төдийгүй, дэлхий дахины ашиг сонирхолд нийцэж байна гэв. АНУ-ын тал шинэ хүйтэн дайн дэгдээх, Хятадын тогтолцоог өөрчлөх, эвслүүдийг бэхжүүлэх замаар Хятадтай сөргөлдөхийг эрмэлзэхгүй байх, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй байх амлалтаа биелүүлдэг хэмээн Энтони Блинкен онцолсон байна.
Тайванийн талаарх байр суурь
Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн комиссын тамгын газрын дарга Ван И Энтони Блинкентэй уулзах үеэр БНХАУ Тайванийн асуудлаар хэзээ ч буулт хийхгүй хэмээн мэдэгдээд үндэсний нэгдмэл байдал Хятадын язгуур эрх ашгийн гол цөм нь хэзээд байсан хэмээн онцолжээ. Тэрбээр “Нэг Хятад” зарчмыг чин шударгаар баримтлахыг Вашингтонд уриалсан байна.
Айлчлалын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Энтони Блинкен АНУ нь Тайванийг тойрсон маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна хэмээн онцолсон. АНУ нь Тайванийн асуудалд “Нэг Хятад” зарчмыг дэмжиж, статус-квог өөрчлөхийн эсрэг байр суурийг баримталж байна. Үүнтэй зэрэгцэн Тайванийн хоолой, Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын өдөөн хатгасан үйл ажиллагаа АНУ-ын төдийгүй олон улс орны санааг түгшээж байна хэмээн мэдэгджээ.
Улс хоорондын харилцаа
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цинь Ган хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа хамгийн доод түвшинд хүрээд байна. Бээжин, Вашингтон хоорондын улс төрийн толхилцол хоёр ард түмэнд төдийгүй, бусад улс орнуудад ч ашиггүй. БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын талаар тууштай, тогтвортой бодлогыг баримталсаар ирсэн хэмээн онцолжээ.
Ван И Вашингтоноос Хятадын аюул гэх үг, яриаг зогсоохыг шаардаж, БНХАУ-ын эсрэг хууль бус нэг талын хориг арга хэмжээг цуцлах, Хятадын технологийн хөгжлийг няцаах, дотоод хэрэгт нь оролцохыг зогсоохыг уриалсан.
Энтони Блинкен хоёр улс харилцаандаа дэвшил гаргасан хэмээгээд ганц айлчлалаар бүх асуудлыг шийдэхгүй хэмээн мэдэгдэв.
Украины асуудлаар
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятад улс бусад улстай хамтран Украинд энх тайван тогтооход бүтээлч үүрэг гүйцэтгэвэл АНУ дэмжин, сайшаах болно хэмээжээ. БНХАУ Орост цэргийн тусламж үзүүлэхгүй хэмээн итгүүлсэн. Энэхүү амлалтаа зөрчиж буйг нотлох ямар нэгэн нотолгоо Вашингтонд байхгүй хэмээн Блинкен онцолжээ. Гэсэн хэдий ч АНУ Хятадын компаниуд Орост технологи нийлүүлж болзошгүй, тиймээс сэрэмжтэй байхыг Бээжинд уриалав. Хар тэнгисээр ур тариа тээвэрлэх санаачилгыг үргэлжлүүлэх нь чухал байна хэмээн Блинкен мэдэгджээ. Санаачилгын дүнд Украинаас 32 сая тонн үр тариа экспортолсноос 18 сая тонныг хөгжиж буй орнуудад нийлүүлжээ. Үр тарианы гэрээг сунгаснаар туйлын ядуу, буурай орнуудад хүнсний хомстол нүүрлэх аюулаас урьдчилан сэргийлэх, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх боломжтой.
Харилцаа холбоог үргэлжлүүлэх
“The Washington Post” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, талууд гурван гол асуудалд дэвшилд хүрч чаджээ. Тухайлбал, талууд өндөр түвшинд харилцаа холбоог сэргээх, асуудлыг хэлэлцэх, хамтын ажиллагааны боломжийг судлах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.
Талууд мөн хоёр талын тодорхой асуудлыг шийдэх үүднээс ажлын хэсгийн түвшинд хэд хэдэн уулзалт хийхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )