Төв банкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт шийдвэрээ танилцууллаа. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр 2023 оны төсвийн зарлага 1.8 их наядаар нэмэгдсэн тодотголын дараа гарч байгаа гэдэг утгаараа дотоод эдийн засгийн хувьд бодлогыг зөөллөх орон зай хумигдмал нөхцөлд гарах гэж буйг өмнө нь мэдээлж байв. Тэгвэл гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч өмнөх гуравдугаар сарын шийдвэр гаргаж байсан үеийнхээс төдийлөн сайжраагүй, тодорхой бус байдал өндөр байгаа учраас Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээж шийдвэрлээд байна.
Инфляцын төлөв Монголбанкны төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байгаа боловч цаашид буурах хурд төсөөлж байснаас удааширч болзошгүй байна гэж Мөнгөний бодлогын хороо үзжээ. Төсвийн тодотголоор цалин хөлс, нийгмийн халамжийн зардлууд нэмэгдэж батлагдсан нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцад ирэх дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа тул дотоодын болон импортын хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, валютын цэвэр дотогшлох урсгалыг үргэлжлэн сайжруулах, төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх нь зүйтэйг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ дурдсан.
Мөн тэрбээр төсвийн тодотголын эдийн засаг, инфляцад нөлөөлөх нөлөөллийн талаар хэлэхдээ “Төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байгаа учраас өрхийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дагаад хэрэглээг дэмжинэ. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боловч нөгөө талдаа эрэлтээр дамжаад инфляцад нөлөөлөл үзүүлэхээр байна. Гэхдээ инфляцад үзүүлэх нөлөөлөл нь аажмаар гарч ирнэ. Тийм учраас ажиглах шаардлагатай гэж үзээд бодлогын хүүг хэвээр хадгалсан.
Засгийн газрын хувьд төсвийн тодотгол инфляцад 2 орчим хувийн нэмэх нөлөө үзүүлэхээр танилцуулсан. Харин Төв банкны харж байгаагаар +2 хувийн нөлөөлөл бол боломжит хамгийн бага нөлөөлөл буюу эерэг төсөөлөл юм. Одоо инфляц 11.2 хувьтай байгаа нь нэмэгдээд 13 хувьд хүрнэ гэсэн үг.
Гэсэн хэдий ч 13 хувийн инфляцтай байх тохиолдолд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй болно. Одоо байгаа 13 хувийн бодлогын хүү 14-15 хувьд хүрэх, дагаад зээлийн хүү одоо 18 орчим хувьтай байгаа нь 20 хувьд хүрнэ гэсэн үг. 20 хувийн зээлийн хүүгээр бодит сектор дэмжигдэх боломжгүй. Энэ агуулгаар авч үзвэл, эдийн засгийн өсөлт ч хумигдах магадлалтай. Бид одоогоор 4.2 хувиар энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг харж байгаа. Энэ төсөөлөл буурна л гэсэн үг... “ гэлээ.
Дашрамд тодотгоход, Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Монголбанк 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн 28 хоногтой Төв банкны үнэт цаасны хүүг бодлогын хүү болгон зарлаж эхэлсэн.
Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг.
Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна.
Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ИНФЛЯЦИЙГТООЦОЖ ҮЗЭХЭД ОДООГИЙН БАЙГАА БОДЛОГЫН ХҮҮГ 14.5 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЖ БАЙЖ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ОДООГИЙН ТҮВШИНД АРАЙ ГЭЖ ТОГТВОРЖУУЛЖ БАРИХ Л БОЛОМЖ БАЙГАА. БОДЛОГЫН 13 ХУВИЙН ХҮҮ ҮЙЛЧИЛСЭН НӨХЦӨЛД ИНФЛЯЦ 16 ХУВД ХҮРЧ НЭМЭГДЭХЭЭР БАЙГАА ШҮҮ