ДООД хэмжээг нэмж, ДЭЭД хэмжээ өгнө

Б.Сэцэн | Zindaa.mn
44 минутын өмнө

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн гэж саймширч байгаад ялын дээд хэмжээ өгчхөж байгаа биз-

Манай эдийн засаг их л үйлтэй юм. Үйлийн гурван толгой нь хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээ байх хувьтай байж. Өчигдөржингөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая төгрөг боллоо гээд пологдтол сэвэвдээ. Авчиг авсан хэд нь цаас болоод төгрөгийн бодит худалдан авах чадвар сулраад байдаг. Мөнгөний нийлүүлэлт тэртээ тэргүй ихсээд байхад л үйлийн гурван толгой нь “гяндайж” байгаад нэмчихлээ. Долоодугаар сард инфляц 13 хувьд хүрч пуужиндсан нь Төв банкны тооцоолсноос даруй зургаан хувиар илүү байсан. Таван сарын дотор хоёр дахин нэмэгдсэн инфляцын эсрэг бодлогын хүүгээ нэмэгдүүлж тэмцсэн нь Төв банк. Бүр статистикийн хороотойгоо нийлж байгаад энэ их өсөлтийг уух ус, идэх мах руу бухсан. Бухаж, гөрдөж дуусаагүй байтал үйлийн гурван толгой нь нийлж байгаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихлээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн албан мэдээлэл доор “ажилтай ядуурал”-ыг бууруулахад чиглэсэн алхам гэж гөрдсөн байна лээ. Үнэн хэрэгтээ төр л 30 жил цалинтай ядуурал бий болгож, тэр буухиаг нь үйлийн гурван толгой залгаад ачааг нь та, чи, бид үүрч, дүүрч байгаа юм. Инфляц пуужиндсан тухай дээр дурдсан. Ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж цалингаа нэмнэ. Тухайлбал доод хэмжээг 1.2 дахин тооцвол 1.2 сая, 1.5 дахин тооцвол 1.5 сая, хоёр дахин тооцвол хоёр сая төгрөгийн доод цалин тогтоно гэсэн үг. Дээд хэмжээ нь ажил олгогч дээр бууж байгаа биз. Ажил олгогчид цалингийн зардал нэмэгдэхэд  тухайн зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмнэ. Үүнийг дагаад инфляц бүр цойлно. Нэмсэн цалин нь цаас болно.

Ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж цалингаа нэмнэ. Тухайлбал доод хэмжээг 1.2 дахин тооцвол 1.2 сая, 1.5 дахин тооцвол 1.5 сая, хоёр дахин тооцвол хоёр сая төгрөгийн доод цалин тогтоно гэсэн үг. Дээд хэмжээ нь ажил олгогч дээр бууж байгаа биз.

Дээрээс нь бүтээмж гэдэг зүйл манай эдийн засагт үгүй. Цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс түрүүлж байвал эдийн засагт бодит үнэ цэн биш, ердөө цаасан дээрх тоо болж хувирна. Ер нь байна аа, “бүүрэг дагаж нохой” гэгчээр ХХДХ нэмэгдэхээр дан ганц хамгийн бага цалинтай хүмүүсийнх нэмэгдэхгүй. Бусад бүх цалин болон төрийн салбарын цалин, халамж дагаж нэмэгдэнэ. Зах зээл рүү их хэмжээний бэлэн мөнгө шахсантай л ижил болно. Ингээд төсөв тэлнэ. Мөнгөниий нийлүүлэлт (М2) өснө. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн албан мэдээг харахаар орлого багатай иргэдээ хамгаална гэж санасан шиг байна лээ. Гэвч нэгэнт өсчихсөн байгаа бараа бүтээгдэхүүний үнийн хүлээсэнд хамгийн бага орлого багатай эмзэг бүлгийн иргэд нь бүр ёроол руу унана. Тартагтаа тулна. Халамж нэмэгдэнэ. Тэтгэврээ нэмэхгүй бол болохгүй. Төрийн албаны цалин юу ч үгүй болно. Тэгээд цалин нэмэхийг шаардана. Үйлийн гурван толгой дахиж хуралдаад ХХДХ-г дахин нэмнэ. Энэ чөтгөрийн тойрог дуусахгүй. Системээр нь, углуургаар нь харахгүй бол нэмсээр, нэмсээр таван сая руу дөхсөн ч бодит орлого, бүтээмж нэмэгдэхгүй бол Умард Солонгосын хөдөлмөрийн лагерийн ялтан шиг л болно гэсэн үг.

ХХДХ өсөөд л байна, өсөөд л байна. Нэмэгдсэн цалин нь цаас болно. Иргэд цалин бодитоор нэмэгдэхийг шаардана. ХХДХ өсөөд л байна. энэ чөтгөрийн тойрог дуусахгүй.

Ялтан шиг болохгүйн тулд яах ёстой вэ. ХХДХ-тэй зууралдаж, жил бүр нэмэхийн оронд оролго багатай иргэдийн хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой юм. Энэ нь бизнест ачаа үүрүүлэхгүйгээр гар дээрх бодит мөнгийг нэмдэг. Дараа нь бүтээмжид суурилсан өсөлт байх ёстой. Жижиг, дунд бизнесийг дэмжиж, технологид суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой. Түүнээс биш Ерөнхийлөгчийг дагаж бүх айлчлалд нь яваад, “copy past” хийдэг нөхдийг нэмэх тухай яриагүй юм шүү. Эцэст нь инфляцын суурь шалтгааныг дарах ёстой. Тээвэр, логистикийн чанарыг өсгөж, импортын барааны хамаарлыг багасгахад анхаарч, үнийн өсөлтийн суурь шалтгааныг төрөөс зохицуулах ёстой.

Төр уг нь ХХОАТ, НДШ-ийг бодитоор буулгаж гарт нь мөнгөтэй үлдээгээд, бүтээмжтэй эдийн засаг цогцлоогоод, импортын хамаарлыг бууруулж, инфляцын суурь шалтгааныг зохицуулах ёстой юм.

Уншигч та нэг зүйлийг анзаарсан байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн гэж саймширч байгаад ялын дээд хэмжээ өгчхөж байгаа биз.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top