Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийт хүн амын 1/5 хувийг эзэлдэг Зулу үндэстний Хаан ширээнд жилийн өмнө заларсан 48 настай Мисузулу Зулуг хорлож, хөнөөсөн гэх мэдээлэл сүүлийн хэдэн хоногийн турш хэвлэл болон сошиалд цацагдсан.
Тэгвэл Зулугийн Хааны хэвлэлийн албанаас энэ мэдээллийг няцааснаар олон хүн аль мэдээлэлд нь итгэхээ мэдэхгүй, эргэлзээнд оржээ. Зулу үндэстний хаан бол Өмнөд Африкийн оюун санааны хамгийн нөлөө бүхий эрхэм байсаар ирсэн уламжлалтай юм. Тиймээс Мисузулутай юу тохиолдсон нь олны анхаарлыг гойд татаж байна.
Ноднин Мисузулу Зулугийн аав Гүдвилл Звелитини амьсгал хурааснаар хаан ширээнд хэн суух талаар зөрчил тэмцэл хурцадсан. Звелитини зургаан эхнэртэй, 28 хүүхэдтэй учир хаан ширээг залгамжлахын төлөөх тэмцэл өрнөсөн хэрэг. Мисузулу Зулу бол аавынхаа гурав дахь эхнэрийн ууган хүү. Звелитини гурав дахь эхнэртээ дараагийн хааны нэрийг захиж үлдээсэн гэдэг. Гэвч хаан өөд болсноос хойш нэг сарын дараа гурав дахь эхнэр нь учир битүүлгээр амьсгал хураажээ. Амьсгал хураахынхаа өмнө дараагийн хаан болох хүн бол өөрийнх нь ууган хүү Мисузулу гэж мэдэгдсэн нь бусад эхнэрүүдийн олон хүүхдэд үнэмшихийн аргагүй санагдаж, улмаар тэмцэл өрнөжээ. Гэлээ ч захиас ёсоор Мисузулу Зулу хаан ширээнд заларсан юм.
Мисузулугийн бие сүүлийн үед өвдөж, эмчлүүлэх болсон гэнэ. Гэхдээ эх нутагтаа биш харин хөрш Эсватинигийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тухай мэдээ түгсэн. Учир нь өмнөх хаад улсынхаа эмнэлэгт хэвтсэн ч эдгэлгүй амь үрэгдсэн учир итгээгүй бололтой. Гэлээ ч Хааны хэвлэлийн албанаас мөн энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. “Хаан Эсватинид эмчлүүлээгүй, эх орондоо шинжилгээнд орсон. Ойрын зөвлөх нь зуурдаар нас нөгчсөн учир хаан эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх нь зөв гэж үзсэн” хэмээн Хааны хэвлэлийн албанаас мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )