Хятадын төр засгийг шүүмжилсэн Жек Ма 850 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Хятадын толгой баячуудын жагсаалтын 7-д 24.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдэж буй Жек Магийн ойрын гурван жилийн алдагдлыг Bloomberg тооцон гаргажээ. Хятадын төр засагтай зөрчилдсөний улмаас энэ хугацаанд Жек Ма ойролцоогоор 850 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж тооцоо гарсан байна. 

Энэ сарын 7-нд БНХАУ-ын төр засгийн зүгээс Жек Магийн үүсгэн байгуулсан Ant Group-т явуулсан хяналт шалгалтын ажиллагаа дуусч, 1 тэрбум ам.долларын торгууль ногдуулснаа зарласан юм. 2020 оны аравдугаар сард Жек Ма Хятадын зохицуулалтыг  инновацийн эсрэг, хориглох шинж чанартай байгааг шүүмжилсний дараагаар энэхүү хяналт шалгалтын ажиллагаа эхэлсэн. Бээжингийн удирдлага тэр даруй Ant Group-ийн IPO-г хориглосон төдийгүй Жек Магийн өөр нэгэн том компани Alibaba-д түүхэн дээд торгууль ногдуулсан.

Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас Ant Group бизнес моделио өөрчлөхөд хүрч, эдийн засгийн эмзэг салбар дахь үйл ажиллагаагаа хумьж, төрийн өмчит банкуудтай өрсөлдөхөөс татгалзсан юм.

 Ингэснээр IPO нь 315 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож байсан нь нурж, 78.5 тэрбум ам.долларт л хүрсэн гэж Bloomberg тэмдэглэжээ.

Alibaba ч гэсэн тааруухан дүнтэй байна. Хятадын төр засгийн зүгээс Alibaba-г хязгаарлаж эхэлснээс шалтгаалан компаниа зургаан тусдаа компани болгон шинэчлэн зохион байгуулахад хүрсэн. 

Өнгөрсөн баасан гаригт Ant Group дэх хяналт шалгалтын ажиллагаа дууссан тухай мэдээ түгсний дараагаар Alibaba-гийн хувьцааны үнэ 8 хувиар өссөн ч зах зээлийн үнэлгээ нь 234 тэрбум ам.долларт л хүрсэн байна. Энэ нь 2020 оны мөн үеийнхтэй харьцуулбал 620 тэрбум ам.доллароор бага байгаа юм.

Жек Магийн хувийн амьдралын хувьд бол түүний компаниудад дарамт шахалт үзүүлсэн тэр цаг үед Хятадын төр засгийг ил шүүмжилснийхээ төлөө баривчлан хорьсон гэх мэдээллийг Forbes цацаж байсан.

Гэвч сүүлийн үед Жек Ма олны өмнө гарах нь ихэсч байна. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур л гэхэд Ханжоуд зохион явуулсан математикийн олимпиадын үйл ажиллагаанд оролцсон. Хэвлэлүүдийн анзаарч буйгаар тэрбээр бизнесийн бус сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд илүү оролцох болсон гэнэ. 

Alibaba-гийн ерөнхийлөгч Майкл Эванс “Нэгд, Жек амьд сэрүүн байгаа. Аз жаргалтай ч байгаа. Хятадад голцуу амьдарч, Токиогийн Их Сургуульд хичээл зааж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ (192.82.90.96) 2023 оны 07 сарын 11

Яг манай улс шиг !!!!!!

0  |  0
Юань (76.105.223.57) 2023 оны 07 сарын 10

Юань биздээ малаа

0  |  0
Top