Италийн шүүхийн нэгэн шийдвэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд болон олон нийтийн дургүйцлийг төрүүлж, шуугиан дэгдээгээд байна.
Ром хотын ахлах сургуулийн 17 настай охиныг 2022 оны дөрөвдүгээр сард шатаар өгсөж байхад нь сургуулийн жижүүр эр өгзөгөнд нь хүрсэн хэргийг хэдхэн хоногийн өмнө шийдвэрлэжээ.
Шатаар өгсөх үед өсвөр насны охины өмд шувтрахад 66 настай жижүүр эр хоёр гараараа өгзөгөнд нь хүрсэн байна. Охин сандран өмдөө татахад “Хонгор минь, наргиа хийснийг минь ойлгож байгаа биз дээ” хэмээн жижүүр хэлжээ.
Охин болсон явдлын талаар цагдаад мэдэгдсэнээр 66 настай Антонио Авола гэх мөнөөх жижүүрт хэрэг нээж, прокурор гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр төлөвлөжээ.
Жижүүр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ч “Тэр бол наргиа байсан” хэмээн мэдүүлсэн байна. Шүүх хэргийг хянаж үзээд “5-10 секунд л үргэлжилсэн тул гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байна.
Шүүхийн энэ шийдвэр олон нийтийн дургүйцлийг төрүүлж, охид эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд халдсан нэн эргэлзээтэй шийдвэр боллоо хэмээн шүүмжилж байна.
Италичууд олон нийтийн сүлжээнд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн palpate breve юмуу 10 cecondi гэсэн хаштагууд ашиглан энэ сэдвээр үзэл бодлоо нэгтгэж байгаа ажээ. Италийн нөлөө бүхийн нэгэн болох Кьяра Феррани “10 секундыг хангалттай урт хугацаа биш гэдгийг хэн шийдээд байгаа юм бэ? Чамайг мөрдөн мөшгиж, бэлгийн дарамт үзүүлж буй хугацааг тооцож суудаг гэж үү?” хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )