Хүнд өвчтэй Дольф Лундгрен 38 дүү бүсгүйтэй хуримлажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 20

Холливудын тулаант киноны од Дольф Лундгрен энэ сарын 13-нд Грекийн Миконост хуримаа хийсэн байна. Сүүлийн найман жилийн турш хавдартай тэмцэж буй 65 настай жүжигчний эхнэр нь 27 настай Эмма Крокдаль хэмээх бүсгүй юм.

Тэд 2020 онд сүй тавьсан ч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд коронавирусийн хорио цээр, мөн Лундгрений хавдар хүндэрсэнээс болж хуримаа хойшлуулсаар сая л санасандаа хүрчээ.

People-д өгсөн ярилцлагадаа Дольф Лундгрен “Бурхадын орон Миконост гэр бүл, ойрын хэдэн найзынхаа хамтаар бид хайр сэтгэлийнхээ баярыг тэмдэглэж, хуримаа хийлээ. Амьдралд тулгарсан хэцүү асуудлуудаас шалтгаалан хуримаа өдий хүртэл хойшлуулахад хүрсэн. Харин одоо бол хайр сэтгэл, аз жаргал, амьдралын амтыг мэдрэх цаг болсон гэж бодож байна” хэмээн өгүүлжээ.

Дольф Лундгрен 1994 онд Анетт Квиберг хэмээх эмэгтэйтэй гэрлэж, хоёр охинтой болсон нь одоо 27 настай болон 21 настай. 2011 онд Дольф Лундгрен гэр бүлээ цуцлуулсан юм.

Сүүлийн найман жилийн турш хавдартай тэмцэж буйгаа ч жүжигчин эр ярьсан байна. Бүр 2-3 жил л амьдрах хугацаа үлджээ гэх үгсийг эмчийн амнаас сонссоноо ч нуусангүй. “Би хавдартай сүүлийн хэдэн жилийн турш тэмцэж байна. Хэд хэдэн том хавдраа авахуулж, гурван жижигхэн хавдар үлдсэн гэж ойлгож байтал нэг нь маш богино хугацаанд томроод лимоны дайтай болчихсон байгааг дуулгасан. Тэр үед би эмчээсээ “Надад амьдрах хэдэн жил үлдсэн бэ?” гэж асуухад итгэл муутайхан “2-3 жил” гэж хэлсэн юм. Эмчийн царайнаас үүнээс ч бага хугацаа үлдсэн байж магадгүй гэдгийг ойлгосон” хэмээн Лундгрен ярьсан байна.

Лундгрен тулаант киноны од явсан тул бодибилдингээр хичээллэж, булчингийн масс нэмдэг тариа хийлгэж, бэлдмэл хэрэглэдэг байснаас болж хавдартай болсон гэж таамагладаг юм байна.  

“1980-90-ээд онд би бодибилдингээр хичээллэж, булчинлаг биетэй харагдахын тулд тариа хийлгэж, стероид хэрэглэдэг байлаа. Энэ нь хавдартай болох шалтгаан болсон байж магадгүй. 10 жил стероид их хэрэглэсэн л дээ. Кинонд тоглохынхоо өмнө бүр их хэрэглэдэг байлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.

Харин түүний эхнэр Эмма Крокдаль “Эрүү ам нь зуурч, гар нь даагдахаа больчихдог байлаа. Тийм болохоор юм ч идэж чадахгүй. Их ч турж эцсэн. Маш их турж эцээд ирэх үед л бид үнэндээ их хүнд өвчтэйг нь ойлгосон. Их ширүүн тэмцэл болсон шүү” хэмээн өгүүлжээ.


27 настай охин Ида нь “Аавтайгаа уулзаад, нас барчихвал яах вэ гээд ярилцахад маш хэцүү санагдсан. Тэр үнэхээр аймшигтай яриа болсон. Дүүгийнхээ төлөө сэтгэлийн тэнхээтэй байх ёстой шүү гэж өөртөө хэлж байсан” хэмээн ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..(122.201.31.79) 2023 оны 07 сарын 23

Ene bodybuilder boloh geed eldew yum heregleed bdag humuus sain unsh

5  |  0
Top