Цагдаагийн нууц ажиллагаанд оролцсон 13 настай охин хохирогч болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Тайванийн Таоюань хотын Цагдаагийн газрын хоёр ажилтан өсвөр насны охиныг нууц ажиллагаанд оролцуулсны улмаас хохирогч болгосон хэрэг дуулиан дэгдээгээд байна.

2020 оны арваннэгдүгээр сард 13 настай нэгэн охиныг танилцах сайтаар дамжин танилцсан гэмт этгээд нүцгэн зургийг нь цахим орчинд тараана хэмээн айлган сүрдүүлж, бэлгийн дарамт үзүүлсэн байна.

Тухайн үед охин энэ талаар Цагдаагийн газарт мэдэгдэхэд нууц ажиллагаанд оролцохыг охиноос хүсчээ. Гэмт этгээдийг илрүүлэх, үйлдэл дээр нь баривчлахыг хүссэн учир ийм хүсэлт тавьсан аж.

Охин цагдаагийн хамгаалалт дор байгаа гэдэгтээ бүрэн итгэж, ямар ч аюул байхгүй гэсэн амлалтад нь итгэн, тэдний саналыг зөвшөөрчээ. Охин бэлгийн дарамт үзүүлэхээр сүрдүүлсэн эрэгтэйтэй Mcdonalds-ийн үүдэнд уулзахаар тохирч, харин цагдаа нар ойроос ажиглаж байсан гэнэ. Гэвч гэмт этгээд охинтой уулзмагцаа автомашиндаа суулган, давхин оджээ. Цагдаа нарын амлалтанд бүрэн итгэсэн охин гэмт этгээдийн үгийг дагаж, автомашинд нь суусан байна. Нууц ажиллагааны хоёр цагдаа  араас нь хэдэн метр гүйгээд алджээ. Хэсэг хугацааны дараа гэмт этгээдийг охины хамт Mcdonalds-ийн үүдэнд эргэн ирэхэд нь цагдаа нар баривчилжээ.

Тухайн үед охин айж цочирдсондоо гэмт этгээдтэй хэсэг хугацаанд хамт байхад албадаж аман секс хийлгүүлснийг хэлээгүйгээ өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурал дээр хэлсэн байна.

Харин Цагдаагийн газрын зүгээс “Охиныг үргэлж харагдахаар газар бай. Машинд нь битгий суугаарай гэж удаа дараалан захисаар байтал суусан” гэж буруутгажээ.

Цагдаагийн газрын энэ мэдэгдэл иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж, сошиал ертөнцөд Таоюань хотын Цагдаагийн газар болон нууц ажиллагаанд оролцсон цагдаа нарыг шүүмжилж, зохих шийтгэл заавал оноохыг шаардсан байна.

“Гэмт хэргийн талаар ямар ч ойлголтгүй өсвөр насны охиныг өгөөш болгож нууц ажиллагаанд оролцуулчихаад дараа нь сэжигтний машинд сууж явсан гэж өөрийг нь буруутгаад өнгөрөх юмуу” хэмээн иргэд ихэд дургүйцжээ. Үүний дараагаар өнгөрсөн бямба гаригт Таоюань хотын Цагдаагийн газраас охиныг буруутгасан мэдэгдэл хийсэндээ уучлалт гуйгаад, нууц ажиллагаанд оролцсон цагдаа нарын хэргийг Прокурорт шилжүүлснээ мэдэгдээд байна. Харин гэмт этгээдэд шүүх найман жилийн ял оноожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оыых(66.181.161.117) 2024 оны 05 сарын 09

Одоо яахав дээ өөрөө л суусан байна

1  |  34
Top