Английн “Арсенал”, “Ливерпүүл”, “Манчестер Сити” зэрэг клубүүдэд тоглож, хөлбөмбөгийн хорхойтнуудын танил болсон ивуар хамгаалагч Коло Турегийн нууцлаг амьдрал 10 гаруй жилийн өмнө буюу 2012 онд илчлэгдэж, олны гайхшрал болон хөх инээдийг хүргэсэн нэгэн түүхийг өгүүлье.
Коло Турег хөлбөмбөг сонирхдог эрчүүд таних ч гэлээ эмэгтэйчүүд бол төдийлөн мэдэхгүй. Үүнийг ч мань эр овжин ашиглаж, хөтөлгөө морьтой давхина гэдэг шиг хоёр талд хоёр бүсгүйтэй ээлжлэн амьдарч байжээ. Энэ нууцлаг амьдрал нь хоёр жил гаруй үргэлжилсэн гэнэ.
Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйтэй ойртон дотносохын тулд Коло Туре өөрийгөө автомашины худалдаачин, манайхаар бол чэнж гэж танилцуулжээ. Хөлбөмбөгч гэвэл шууд гүүглдээд гэр бүл, намтар түүхийг нь гаргаад ирэх тул чулуу хөөлгөсөн хэрэг.
Ингээд өөртөө шинэ нэр хайрлахдаа Франсуа гэх романтик франц нэр сонгосон байна. Бас Гана улсаас гаралтай бөгөөд Английн Манчестер хотноо сурахаар ирсэн оюутан гэж танилцуулжээ. Ингээд үе үехэн үзэсгэлэнтэй оюутан бүсгүйнхээ дотуур байранд айлчлахдаа юүдэнтэй цамц болон Top Gun-ий нүдний шилээр нүүрээ нуух болжээ. Бүсгүйгээ халуухан харагдуулах дотуур хувцсаар байнга хангахдаа “Над руу битгий залгаж бай, мөнгөө үрээд хэрэггүй. Би өөрөө залгаж байя” гэдэг байж. Нэг удаа уулзахдаа өмнө нь сөхрөн суугаад алмазан шигтгээтэй бөгж бэлэглэн, хайр сэтгэлээ илэрхийлжээ.
Гэвч үүнийхээ дараа хэдэн сараар алга болчихож гэнэ. Хэдэн сарын дараагаар урган гарч ирэхдээ “Гана яваад Range Rover зарчихаад ирлээ” хэмээн ядарсан царай харуулжээ. Гэвч яг үнэндээ бол олон жилийн турш найзалж буй бүсгүйтэйгээ гэр бүлээ батлуулчихаад, дараа нь хэсэг зуур хамт байчихаад ирсэн нь тэр гэнэ.
Аливаа нууц хэзээ нэгэн цагт илэрдэг жамын дагуу нэг өдөр оюутан бүсгүй найз залуугаа шүршүүрт орж байхдаа хөшигний цаанаас цухуймагц зургийг нь дараад найз охиндоо гайхуулан харуулсан гэнэ.
Гэтэл найз нь “Наадах чинь нэг л таньдаг царай байна” гээд гүүгл рүү зургийг нь шидээд хайгаад үзвэл “Коло Туре” гээд дурайгаад гараад иржээ. Гүүглд Премьер лигийн цомыг өргөж буй Коло Турегийн нүүр дүүрэн инээмсэглэн зогсоо зургийг хараад оюутан бүсгүй хэн гэдгийг нь мэдэж авчээ. Мөн хэдхэн сарын өмнө хуримаа хийхдээ баярын нулимс унагаж буй зургийг нь олж харжээ.
“Тэр өөрийгөө Ганаас ирсэн оюутан гэсэн. Аав нь сайд гэлүү дээ. Би хөлбөмбөг мэдэхгүй болохоор таниагүй. Байсхийгээд л таг болчихдог зантай. Заримдаа долоо хоногт хоёр удаа уулзана. Найз бүсгүйтэй юу гэхэд минь үгүй л гэж хэлсэн.
Нэг удаа надад 500 паунд өгөөд Зимбабвед байдаг ээж рүүгээ илгээгээрэй гэсэн. Дараа нь бас хөргөгч хоосон байгааг хараад юм аваарай гэж 200 паунд өгсөн. Юу хийдгийг нь би лавлаж асууж байгаагүй. Машин худалдаалдаг л гэсэн. Харин зураг авахуулдаггүй нь их хачин санагдаад байсан юм. Гэхдээ нэг удаа би гэнэдүүлээд зураг дарчихсан л даа” хэмээн оюутан бүсгүй Кессель Касүсёо ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Хөгжилтэй юм өө