Өмнөд Солонгосын ЗӨӨЛӨН ХҮЧ ба БИД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын Засгийн газрын тэргүүлсэн соёлын бодлого нь эдийн засгийн стратегиас зөөлөн хүч рүү шилжиж үндэсний брэндийн хөгжил, дотоодын экосистемд эергээр нөлөөлж, БНСУ-ыг гадаадад сурталчлахад онцгой хувь нэмэр оруулж буйг Стратеги судалгааны  хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна.

БНСУ-ын зөөлөн хүчний бодлого амжилтад хүрэхэд гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжил, ардчиллын амжилттай түүх, хоёрдугаарт, дотоодын зах зээлийн хязгаарлагдмал байдлаас үүдэлтэй дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгосон бүтээлч контентын хөгжил, гуравдугаарт, дижитал технологийн хөгжил болон хэвлэл мэдээллийн орчны өөрчлөлт юм.

БНСУ-ын соёлын бодлогын үр нөлөө нь К-поп хөгжмийн урсгал, цуврал кино, үндэсний хоолыг олон улсад таниулсан. Энэ нь зөвхөн БНСУ-ын эдийн засгийн үр өгөөжийг бий болгоод зогсохгүй гадаадад улс орны нэр хүндийг өсгөх чухал хөшүүрэг болсон. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар соёлын салбарыг дипломат харилцааны үр дүнтэй арга хэрэгсэл болгон энэ салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. БНСУ-ын соёл, ялангуяа телевизийн цуврал, К-поп урсгал нь 1990-ээд оны сүүлчээс эхлэн бүс нутгийн хэмжээнд тэр дундаа Ази тивд хүрээгээ тэлж амжилтад хүрсэн юм. БНСУ-ын дуучин Psy-ийн “Ганнам стайл” дуу нь 2012 онд дэлхий даяар, тэр дундаа Европ, АНУ-д ихээхэн алдаршиж, Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн нь хөгжмийн зах зээлийн шинэ орон зайг бий болгоход чухал алхам болжээ. Тухайлбал, Сүүлийн жилүүдэд БНСУ-ын соёл нь BTS, Blackpink зэрэг К-поп хамтлаг, “Паразит кино”, “Нэтфликс”- ийн цуврал болох “Squid Game” зэрэг контентын амжилтуудын ачаар дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Гиннесийн амжилтын 2021 оны есдүгээр сард хэвлэгдсэн номд BTS хамтлаг “Spotify” дээр хамгийн их цацагдсан, “инстаграм”-д хамгийн олон дагагчтай, “твиттер”-т хамгийн их хандалд авсан хөгжмийн хамтлаг болсон гэх мэт 23 удаа дээд амжилтыг тогтоосон төдийгүй БНСУ-ын ДНБ-ий 0,3 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.

Энэ нь тус улсын хамгийн том компани болох “Самсунг” корпорац 13,1, “Хьюндай” 5,3, “LG” электроникс 3,4, “КИА” 2,4, “Корэйн Эйр” 0,7 хувийг тус тус бүрдүүлж байгаатай өрсөлдөхүйц хэмжээнд очсон нь харагдаж байна.

Мөн охидын “Blackpink” хамтлаг 75 сая дагагчтай “Юүтүб”-ийн анхны уран бүтээлч болжээ.

“Хөгжмийн стриминг”-ийн үйлчилгээг явуулдаг  томоохон сайтуудын нэг болох “Spotify”-ын мэдээлснээр K-поп хөгжмийн урсгал 2018 оноос хойш үзэгчдийн тоо АНУ-д 107, дэлхийн хэмжээнд 230 хувиар тус тус өсөн нэмэгдсэн байна.

БНСУ-ын кино, телевизийн цувралууд сүүлийн үеийн амжилт мөн шуугиан тарьж байна. Нээлтээ 2019 онд хийсэн “Паразит” нь Каннын кино наадмаас “Алтан далдуу мод”, 92 дахь удаагийн Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг гадаад кино зэрэг дөрвөн төрлөөр шагнал хүртсэн БНСУ-ын анхны кино болсон.

Мөн 2021 оны есдүгээр сард нээлтээ хийсэн “Squid Game” нь эхний дөрвөн долоо хоногт нийт 1.65 тэрбум цаг цацагдсан “Нэтфликс”-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй цуврал болжээ.

БНСУ-ын кино урлагаас олсон ашиг сүүлийн 15 жилийн хугацаанд огцом өсжээ. Тус улс 2004 онд кино урлагаас нийт 440 тэрбум буюу 370 сая ам.долларын орлого олсон бол 2020 онд нийт 1,91 их наяд вон буюу ойролцоогоор 1,61 тэрбум ам.доллар болж өсжээ.

БНСУ-ын соёлын давлагааны энэхүү өсөлт нь олон улсын тавцанд хэрхэн зөөлөн хүч болж хувирч байгаа болон Засгийн газрын дэмжлэгийн талаар  судалгаанд өгүүлснийг хүргэе.

Солонгосын давлагааны амжилт буюу 1990-ээд оны сүүлчээс хойших соёлын экспортын хурдацтай өсөлтийг БНСУ-ын Засгийн газрын бодлого, зохион байгуулалттай дэмжлэгийн үр дүн гэж зарим шинжээч үздэг. БНСУ-ын Засгийн газар соёлын бодлогыг эдийн засгийн стратеги болгож энэ нь төрийн дипломат арга хэрэгсэл болон өргөжсөн байна. БНСУ-ын Засгийн газар экспортод чиглэсэн эдийн засгийн стратегид голлон анхаарч соёлын салбарыг дэмжих олон төрлийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Ким Дэ Жунгийн засаг захиргаа 1998 оноос эхлэн БНСУ-ын соёлын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хөгжлийн төлөвлөгөөг зарласан бөгөөд 1998 онд 14 сая ам.доллар байсан соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг 2001 онд 84 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн байдаг.

Мөн Ро Му Хёны засаг захиргаа соёлын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор соёлын гарааны бизнест үзүүлэх татаасыг нэмэгдүүлж , дотоодын соёлын зах зээлийг хамгаалах хууль гаргажээ. Тухайлбал, 1999 онд Соёлын салбарын тухай, 2001 онд Соёл, контентын агентлагийн тухай, 2002 онд Цахим дижитал контентын салбарыг хөгжүүлэх тухай хууль тус тус батлагдсан байна.

Мөн Ли Мён Бак-ын Засгийн газар соёлын бодлогын чиглэлийг эдийн засагт чиглэсэн стратегиас үндэсний брэнд, өрсөлдөх чадварын стратеги болгон өөрчилсөн. Тодруулбал, Ли Мён Бак-ын Засаг захиргааны дор “Дэлхийн Солонгос” хэмээх үзэл баримтлал гарч БНСУ-ын үндэсний онцлогийг “ирээдүйд чиглэсэн, олон соёлт, алсын хараатай” болгон төлөвшүүлэхэд эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёлын санаачилгыг гаргасан.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний брэндийн зөвлөлийг ажиллуулж, соёлын бодлогын гол чиглэлээ зөөлөн хүчний үзэл баримтлалд тулгуурласан хандлага руу шилжүүлсэн. Судлаачид энэ арга хэрэгслийг эдийн засгийн хөгжил, дипломат харилцааг дэмжих оновчтой хувилбар гэж тодорхойлсон байдаг.

БНСУ-ын Засгийн газар “Солонгосын давлагаа” нь экспорт, аялал жуулчлалыг орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр гэж үзсэн бөгөөд соёлын салбарыг дэмжсэн энэ бодлого нь онлайн тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загвар зэрэг бусад экспортын өсөлтөд эергээр нөлөөлжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Мүн Жэ Ин-ий засаглалын үед ч соёлын бодлого тогтвортой хэрэгжиж иржээ. Тухайлбал, 2020 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд “Солонгосын давлагаа” гэдэг утгыг илэрхийлдэг Hallyu хэмээх хэлтсийг байгуулж, "Шинэ Hallyu эрин үе" хэмээн зарласан бөгөөд төлөвлөгөөний дагуу БНСУ-ын соёлыг хөгжүүлэх, экспортлоход чиглэсэн Засгийн газрын тэргүүлсэн төрөл бүрийн төслийг хэрэгжүүлсэн.

Hallyu төсөл амжилттай хэрэгжиж БНСУ-ын соёлын нэр хүнд өссөн нь эдийн засагт эергээр нөлөөлөх суурь хүчин зүйл болсон бөгөөд Өмнөд Солонгост аялал жуулчлалаар зочлох, солонгос хэл сурах хүний тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буй аж.

Тэгвэл тус улсын төр засгийн бодлогоор тогтвортой хэрэгжиж буй Солонгосын соёлын нөлөө, зөөлөн хүчний бодлого манай улсад хэрхэн нөлөөлж буй вэ гэдгийг судлаачид авч үзсэн байна.

Дэлхийн бусад улсын адил Монгол Улсад ч боловсрол, соёл урлаг, шашин, эдийн засгийн хүрээнд БНСУ-ын зөөлөн хүчний бодлого нөлөөгөө үзүүлсээр байна.

Солонгос хоол идэж, К поп хөгжим сонсож, солонгос хэв маягаар хувцаслаж, солонгос амьдралын хэв маягийг даган дуурайсан хүүхэд, залуучуудын бүтэн үе төлөвшиж байна. Хэдийгээр бусад орны соёлоос суралцах, боловсрол эзэмших нь хувь хүний эрх, эрх чөлөөний асуудал мөн боловч үндэсний өв соёл, уламжлал, үнэт зүйлсийг хамгаалах, үндэсний эрх ашгийг хангах суурь болох иргэд, хүүхэд залуучуудын оюун санааны, сэтгэлгээний дархлаа сулрах эрсдэлтэй тул зэрэгцсэн бодлого явуулж нөлөөллийг бууруулах шаардлагатай байна.

Тодорхой судалгааны үр дүнд тулгуурлан авч үзвэл  судалгаанд оролцсон залуучуудын 24 хувь нь БНСУ-д суралцах сонирхолтой байна. Энэ нь АНУ, Японы дараа гуравт, хоолны соёлоор нэгт, телевизийн бүтээл, цуврал киногоор АНУ-ын дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа нь Өмнөд Солонгосын соёлын давлагаа, зөөлөн хүчний бодлого Монгол Улсад ялангуяа залуу үеийн төлөвшил, амьдралын хэв маягт хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь харагдаж байна.



Өмнөд Солонгосын соёлын давлагааны нөлөөллийн үр дүн нь манай иргэдийн амьдралын хэв маяг, залуучуудын сэтгэлгээнд өөрчлөлт оруулснаар нийгмийн сэтгэл зүйд БНСУ-ын талаарх эерэг хандлагыг бий болгож байгаа төдийгүй энэ нь тус улсаас Монгол Улсад хийх соёлын экспорт, шууд хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох зах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Одоогийн байдлаар БНСУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаа 45 мянга 629 иргэн байгаагийн 20 орчим мянга нь оюутны визтэй байна. Энэ тоон баримт нь Монгол Улсын хүн мтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд цаашид ч өсөх хандлагатай. БНСУ- ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 1992-2022 оны хооронд 1 тэрбум орчим ам.долларт хүрсэн бөгөөд гадаад худалдааны эргэлт 2022 онд 465 сая ам.доллар болжээ.

Хэдийгээр Монгол Улсад оршин суугч, бизнес эрхлэгч солонгос иргэдийн тоо (1790) Солонгос улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тооноос үнэмлэхүй бага ч Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 388 сая ам.доллар  байгаа нь хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдал бий болсныг харуулж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох KOICA нь Монгол Улсад боловсрол, усны менежмент, болон нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, төрийн албыг бэхжүүлэх болон тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гаргах түвшинд Солонгосын дэмжлэгийг таниулах, хоёр улсын харилцааны агуулгыг бодит үйл ажиллагаагаар баяжуулах хамтын ажиллагааны загвар болж байна.

БНСУ-ын зөөлөн хүчний бодлого нь тухайлсан улсад чиглэсэн гэхээс илүүтэй бүс нутгийн хэмжээнд өргөн хүрээний бодлогоор хэрэгждэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс Монголд өрнөж буй зөөлөн хүчний бодлого ч бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй соёлын давлагааны нэг хэсэг бөгөөд боловсрол, соёлын хүрээнд үйл ажиллагаа илүүтэй өргөжиж байгаа нь эдийн засаг, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх таатай орчныг бий болгох “Солонгосын давлагаа”-ны бодлого амжилттай хэрэгжиж байна гэж үзэж байна.

БНСУ-ын Монгол Улсад явуулж буй зөөлөн хүчний бодлого хэл, боловсролын солилцоо, аялал жуулчлал, энтертейнмент салбарт түлхүү илэрч байгаа бөгөөд залуучуудын Өмнөд Солонгосын талаарх хандлага, үнэлэмжийг эерэг болоход нөлөөлж буй гол хүчин зүйлс болж байна.

Монгол Улсад эрчимтэй хэрэгжиж буй энэхүү зөөлөн хүчний бодлого нь хоёр улсын урт хугацааны тогтвортой харилцааг бэхжүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлэх боловч үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлсийн баримжаалал, нийгмийн соёлын ялгарлын шалтгаан болохуйц түвшинд хүргэхгүй байх дотоодын хамгаалалт, ухаалаг хязгаарлалт хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд хуулийн тодорхой хязгаарлалт, үйл ажиллагааг хориглох мэт хатуу бодлого төдийлэн үр дүнгээ өгөхгүй. Харин үндэсний соёл, уламжлалаа хамгаалсан сөргүүлэн тавих боловсрол, соёлын уян хатан бодлого үгүйлэгдэж байна.

Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр эфирийн нийт цагийн үндэсний контентын эзлэх хувийг нэмэгдүүлэх, үндэсний соёлын бүтээгдэхүүнийг дэмжин хөгжүүлэх шаардлага байна.

Түүнчлэн боловсролын тогтолцооны шинэчлэл, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг суурь хүчин зүйлийг шийдвэрлэх нь үндэсний соёлын дархлаа бэхжих үндсэн суурь болно гэж судалгаанд онцолжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн үг(66.181.166.134) 2023 оны 08 сарын 02

за сүртэй ш дээ, бичих юм олдохгүй бна уу ?

0  |  1
mnbvcб(88.116.92.142) 2023 оны 08 сарын 02

Арай хэтэрч байна со нөлөө хязгаарлахгүй бол асуудал болно...

1  |  0
Buh(202.126.90.141) 2024 оны 09 сарын 25

solongoschloo geed yadiin so-d uushiimuu?

1  |  1
z(192.82.80.37) 2023 оны 08 сарын 02

daanch nuguu zaluus ni oilgohgui erguuteed l bna

2  |  0
Top