Беларусьтай залгаа хил дээрээ Польш цэргийн хүчээ зузаатгаж эхэллээ. Өчигдөр Вагнерийн хоёр нисдэг тэрэг агаарын орон зай зөрчсөн хэмээн үзсэн тул Польшийн төр засаг ийм шийдвэр гаргасан байна.
Харин Беларусь энэхүү мэдэгдлийг үгүйсгээд, цэргийн хүчээ хил орчмоо зузаалахын тулд шалтаг тоочиж байна гэжээ. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко баруун хил дээр буюу Польштой залгадаг хэсэгт Вагнерийн хөлсний цэргүүд байгаа учир их бардам байгаагаа өмнө нь мэдэгдэж, инээд алдаж байсан удаатай.
Тэгвэл Польшийн Батлах хамгаалахын сайд “Цэргийн нэмэлт хүч, тэр дундаа байлдааны нисдэг тэргүүдийг зүүн хил рүү илгээлээ” хэмээн мэдэгджээ. Мөн Беларусийн тал агаарын орон зайг зөрчсөн талаар НАТО-д мэдэгдснээ зарлалаа. Эхэндээ Польшийн тал агаарын орон зайд ямар нэгэн зөрчил гараагүй гэж байсан ч удалгүй “Радарт баригдахааргүй нам өндрөөр нисдэг тэргүүд орж ирсэн” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Үүнийг Беларусийн Батлан хамгаалах яамнаас үгүйсгээд “Далайн чанад дахь эздийнхээ зөвлөгөөгөөр мэдэгдлээ өөрчилж байна. Энэ бол Польшийн хил дээрээс ирсэн, нотлогдсон мэдэгдэл биш. Энэ бол эмээгийн ярьж өгдөг үлгэртэй адил зүйл” хэмээн Беларусийн тал мэдэгдсэн байна. Гэвч Польшийн зүүн захын Беловежа тосгоны иргэд Беларусийн талаас агаарын хил зөрчсөн гэж мэдэгдсэнийг хожим Батлах хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан гэжээ.
Владимир Путиныг Украинд зарласан дайндаа газар нутгаа ашиглахыг Беларусь хүлээн зөвшөөрсөн ч гэлээ өөрийн цэргээ бол энэ дайнд оролцуулаагүй. ОХУ-ын Вагнер бүлэглэлийн хөлсний цэргүүд Беларусьт байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин хэрвээ хөрш Беларусь руу халдан довтолсон ямар нэгэн үйлдэл хийвэл өөрийн улс руу довтолсонтой адил тооцож, хариуг тэр даруй өгнө гэж мэдэгдсэн. Одоогоор Польштой залгадаг хил орчимд Вагнерийн 1000 гаруй цэрэг байгаа ажээ.
Өнгөрсөн бямба гаригт Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий зүүн хилтэй нь залгаа шахам Беларусийн Гродно хот орчимд Вагнерийн 100 гаруй хөлсний цэрэг орж ирсэн тухай мэдэгдээд “Нөхцөл байдал улам аюултай болж байна” гэж цохон тэмдэглэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )