Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний эхнэр Софи Грегуар Трюдо нар гэр бүлээ цуцлуулснаа инстаграмаар зарлалаа.
Ингэснээр тэдний 18 жилийн хамтын амьдрал дуусгавар болжээ. “Олон удаа сайтар ярилцсаны эцэст ийм шийдвэр гаргасан” хэмээн тэдний мэдэгдэлд дурдсан байна.
51 настай Жастин Трюдо өөрөөсөө гурав дүү сэтгүүлч бүсгүй Софи Грегуартой 2005 оны тавдугаар сард гэрлэсэн юм. 2003 онд гала концерт зохион байгуулах ажлын үеэр телевизийн сэтгүүлч Грегуартай Жастин танилцаж байжээ.
Тэд 15, 14 болон 9 настай гурван хүүхэдтэй.
“Гэр бүлээ цуцлуулах шийдвэрийн хуулийн болоод ёс зүйн талуудыг маш сайн анхаарч ажилласан” хэмээн Ерөнхий сайдын ажлын албаны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
2015 онд Жастин Трюдо Ерөнхий сайдаар сонгогдоход Грегуар Трюдо олон улсын улс төрийн томчуудтай уулзаж ярилцдаг нэр хүндтэй сэтгүүлч болчихсон байсан учраас нөхрийнхөө хамт гадаадын айлчлалд оролцож байлаа. Жастин Трюдо үгээ эхнэрээрээ бэлдүүлдэг, мөн ажлын чиг баримжаагаа эхнэрээсээ авдаг гэж хэвлэлүүд бичдэг. Грегуар Трюдо хүйсийн тэгш байдал, сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар хоёр ч ном гаргасан юм.
Харин сүүлийн жилүүдэд тэд айлчлалд хамтдаа явах нь цөөрч, өнгөрсөн жил хуримынхаа ойн өдрөөр “Бид нартай сайхан өдрийг ч, шуургатай хахир хоногуудыг ч хамтдаа өнгөрүүлсэн. Цаашид ч үргэлжлэх болно” хэмээн Грегуар Трюдо сошиал хаягтаа бичиж байлаа.
Ерөнхий сайдын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд “Тэд дотно найзууд хэвээрээ үлдэнэ. Хүүхдүүдээ аюулгүй, халуун дулаан орчинд өсгөх болно” гээд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна.
Жастин Трюдогийн аав Пьер Эллиот Трюдо Канадын түүхэн дэх анхны ганц бие Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа 1977 онд эхнэр Маргарет Трюдогоос салж, харин 1983 оны сүүлчээр улс төрийн замналаа өндөрлүүлж буйгаа зарлаж байлаа. Пьер Эллиот Трюдо 1968-1979, 1980-1984 онд Канадын Ерөнхий сайдын албыг хашсан.
Сэтгэгдэл ( 1 )
Гунигтай мэдээ байна