Италийн Цагдаагийн газар олон жилийн өмнө эх нутгаасаа оргон зайлсан гэмт хэрэгтнийг “Наполи” багийг дэмждэг сул тал дээр нь дөрөөлөн илрүүлж, баривчилсан байна.
Италиас оргон зайлсан хамгийн аюултай 100 гэмт хэрэгтний нэгд тооцогддог Винченцо Ла Порта Грекийн Корфо арлын нэгэн ресторанд баяр тэмдэглэж буй зураг нь сошиалд тавигдсанаар хаа байгаа газрыг нь цагдаа нар илрүүлж, баривчилжээ. Тус ресторанд Ла Порта хайртай баг “Наполи”-гоо Италийн аварга болсон баярыг тэмдэглэсэн юм байна.
60 настай Ла Порта татвараас зайлсхийсэн болон залилангийн хэрэгт холбогдмогцоо эх орноосоо оргон гарснаас хойш 11 жил өнгөрч байгаа бөгөөд түүнийг хэрэгтэн шилжүүлэх гэрээний дагуу Грекээс Итали руу шилжүүлж, 14 жил, 4 сарын ялыг нь эдлүүлэх ажээ.
Цагдаа нар Ла Портагийн онлайн идэвхтэй байдлыг ашиглан байгаа газрыг нь тогтоохоор олон сар ажилласан ч яг хаана амьдарч буй нь тодорхойгүй байсан гэнэ. “Хайртай баг “Наполи” нь Италийн аварга болсны баярыг Ла Порта тэмдэглэхгүй байж чадаагүй юм. Хөлбөмбөгт дуртай нь түүний сул тал болж, хаана байгаа газрыг нь бидэнд хэлж өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Ла Порта “Наполи”-гийн нэр бүхий хүзүүний ороолт барьж, баяраа тэмдэглэж буй зураг түүнийг олоход тусалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )