Дэлхийн толгой баян, Tesla-г үүсгэн байгуулагч Илон Маск фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергтэй хийх тулаанаа X /твиттер/-ээр шууд дамжуулна гэж мэдэгдлээ. Шууд дамжуулалтын бүх орлогыг өндөр настнуудад туслах сайн үйлсийн санд хандивлана гэдгээ ч хэлсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Илон Маск торонд Марк Цукербергтэй тулаан хийхийг хүсч буйгаа твиттертээ жиргэсэн. Энэ талаар дуулмагцаа UFC-гийн Дэн Уайт тулааныг зохион байгуулахыг хүсч буйгаа илэрхийлээд “Энэ бол бүх цаг үеийн хамгийн том тулаан байх болно” гэж мэдэгдсэн юм.
Хэдийгээр Маскийн ээж нь ийм тулааныг хүсэхгүй гэдгээ хэлсэн ч Илон тулаанд бэлдэж, хүчний бэлтгэл хийж буйгаа зарлалаа. “Тулаанд бэлдэж, хүчний бэлтгэл хийсээр байгаа. Үнэндээ цаг зав олдохгүй болохоор нь ажил дээрээ бэлтгэл хийх болсон” гэж Tesla-гийн эзэн мэдэгджээ. Нэгэн хэрэглэгч түүнээс “Цукербергтэй тулаан хийхийн утга учир нь яг юу юм бэ?” гэж асуухад “Энэ бол дайны боловсон хэлбэр. Эрчүүд дайтах дуртай байдаг шүү дээ” хэмээн хариулсан байна.
Марк Цукерберг жиу-жицүгаар хичээллэдэг учир тулаанд Илон Маскаас илүү байх магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байгаа. Тэгээд ч UFC-гийн аварга Александр Волкановски, кикбоксчин Исраэль Адесанья нарын удирдлага дор сүүлийн үед бэлтгэл хийж, тулааны эрдмээ сайжруулж байгаа ажээ.
Харин Илон Маскийн хувьд MMA-гийн алдартай тулаанчдыг урьж, бэлтгэлээ удирдуулах болсон гэнэ. UFC-гийн хоёр ч жинд Дэлхийн аваргын бүсийг зүүж үзсэн Жорж Сен-Пьер болон мөн жиу-жицугийн мастер Жон Данахер нарын удирдлага дор тулаанд бэлдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )