Мадоннагийн бие эдгэж, тайзнаа дахин гарахаар бэлдэж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 07

64 настай дуучин Мадонна өнгөрсөн зургаадугаар сард аялан тоглолтынхоо бэлтгэлд хэт улайрч, өдөрт 12 цаг ажилласаар ядарч, гэртээ ухаан алдан унасан тухай мэдээ түгсэн. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээ хийж эхэлсэн юм.

Тэгвэл дуучны бие тэнхэрч, төлөвлөөд байсан аялан тоглолтдоо дахин бэлдэж эхэлжээ. “Гэр бүл, найз нөхдийн минь сайхан сэтгэл хамгийн сайн эм юм. Эх хүн хүүхдүүдийнхээ төлөө үргэлж өөрийгөө золиход бэлэн байдаг. Тэгвэл ээждээ хэрэгтэй үедээ үр хүүхдүүд минь ирж тусаллаа.  Хүүхдүүдийнхээ өмнө нь хэзээ ч харж байгаагүй талыг би олж харлаа” хэмээн Мадонна өгүүлсэн байна.

Аялан тоглолтдоо эргэн гарах талаар бичихдээ “Сүүлийн хэдэн долоо хоногийн турш намайг гэсэн та бүхний гайхалтай дэмжлэгт их талархлаа. Ойрын хэдэн хоногтоо аялан тоглолтын шинэ хуваариа та бүхэндээ толилуулна гэдгээ дуулгахад таатай байна” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top