Энэ сарын 23-ны орой хувийн цэргийн “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожины онгоц “Embraer Legacy” Оросын Тверь мужид осолдсон. Онгоцонд Евгений Пригожин, “Вагнер” группийг хамтран байгуулсан Дмитрий Уткин нар байжээ.
Өрнөдийн хэвлэлүүд хувийн онгоцны осол золгүй тохиолдол байгаагүй хэмээн таамаглаж байна. Ослын талаар өрнөдийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хөрвүүлэн хүргэж байна.
Блүмберг
Тус агентлаг эх сурвалж дурдан онцолсноор, Пригожин аюулгүй байдлын үүднээс нислэгтээ хоёр онгоц ашигладаг байжээ. Пригожины зохион байгуулсан бослогын дараа АНУ-ын албаны хүмүүс түүнийг ойрын үед амиа алдаж магадгүй хэмээн таамаглаж байв.
The New York Times
Пригожины үхлийн талаар ярихад эрт байна хэмээн тус сонин онцолжээ. Хувийн компани болон Оросын эрх баригчдын зүгээс албан ёсны мэдээлэл гараагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Пригожины амиа алдсаныг нотлохын тулд АНУ-д хангалттай мэдээлэл байхгүй гэжээ.
Associated Press
Пригожины бослогын дараа Орост олон хүмүүс Пригожин хэр удаан тэсэх вэ гэсэн асуултыг тавьж байсан. “Хэрэв би түүний оронд байсан бол хоол идэхдээ хүртэл болгоомжлох байсан” гэж Байден өнгөрсөн сард онцолж байсан.
The Sydney Morning Herald
Австралийн сонин “Вагнер” группийг үүсгэн байгуулагч ийм удаан хугацааны дараа амиа алдсанд “гайхжээ”. “Онгоцны осол золгүй тохиолдол байсан гэдэгт итгэх хүн цөөн биз” хэмээн бичсэн байна.
Foreign Affairs
Оросын зарим улстөрчид Пригожиныг бослого гаргасны дараа өршөөсөнд гайхаж байсан. “Олон хүн. Пригожиныг аюултай гэж үзэж байсан хүмүүсийн хувьд түүний үхэл шударга ёсыг бэлгэдэж байна”.
CNN
Тус сонин шинжээч Майлз О’Брайены хэлснийг эш татан, ямар нэгэн ер бусын зүйл тохиохгүй л бол “Embraer” онгоц тэнгэрээс унадаггүй. Шинжээч онгоцонд дэлбэрэх зүйл байсан эсвэл пуужингаар харсан байж болзошгүй гэж үзжээ.
CNN Türk
Онгоцны осол нь “Вагнер” группийн Африкт явуулж буй үйл ажиллагаатай холбоотой байх талтай хэмээн Туркийн хэвлэлд бичжээ. Онгоцны осол нь өрнөдийн дэмжиж буй тоглоомын нэг хэсэн байж болзошгүй. Пригожин амиа алдсан байсан ч тус групп үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна хэмээн тус хэвлэл онцолжээ.
Пригожины онгоц сүйрсэн шалтгааны талаарх таамгууд
Оросын “РБК” цахим хэвлэлд бичсэнээр, мөрдөн шалгах ажиллагаагаар нисгэгчийн алдаа, техникийн гэмтэл, гаднын нөлөө зэрэг бүхий л хувилбаруудыг шалгаж байна. ОХУ-ын мөрдөн шалгах хороо хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм болон агаарын тээврийн хэрэгсэл ашиглах дүрмийг зөрчсөн гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Үүнтэй зэрэгцэн “Вагнер” групптэй ойрын холбоотой гэгддэг “Grey Zone” телеграм суваг Евгений Пригожины онгоцыг Тверь мужийн Бологовский дүүрэг дэх Батлан хамгаалах яамны мэдлийн агаарын довтолгооноос хамгаалах системээр унагасан гэсэн мэдээллийг осол болсны дараахан цацжээ. Нутгийн оршин суугчид онгоц унахаас өмнө агаарын довтолгооноос хамгаалах системээс гардаг дуутай ижил чимээ хоёр удаа гарсныг сонссон. Үүнийг гэрчүүд бөгөөд дүрс бичлэгт харуулж буй агаар дахь ул мөр нотолж байна гэжээ.
“ВЧК-ОГПУ” телеграм суваг Пригожины онгоцыг хоёр С300 пуужингаар унагасан гэж үзэж байна. Эл зенитийн системийг осол гарсан газраас холгүй суурилуулсан байдаг аж. “Долоодугаар сарын 23-нд бослого. Наймдугаар сарын 24-нд төгсгөл. Кремль тоонд дуртай” гэж постолжээ.
Зенит пуужинг санамсаргүй хөөргөсөн байж магадгүй гэсэн хувилбарыг мөн авч үзэж байна гэж Оросын Батлан хамгаалах яамтай холбоотой "Рыбарь" суваг бичсэн байна. Харин цэргийн шинжээч Юрий Федоров “Агентство” хэвлэлд өгсөн ярилцлагадаа онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингаар унагасан гэх хувилбарыг няцаажээ. Хэрэв онгоцыг үнэхээр пуужингаар унагасан бол дүрс бичлэгт утааны мөр гарах ёстой байсан. Харин тийм мөр гарсан дүрс бичлэг одоогоор гараагүй байна. Хэрэв гэрчүүд хөөрч буй пуужин болон пуужингийн мөрийг хараагүй бол энэ хувилбар магадлал багатай. Онгоц унаж буй дүрс бичлэгийг харахад онгоцонд дэлбэрэлт болсон эсвэл алан хядах ажиллагаа болсон гэж хэлэхээр байна гэж шинжээч тайлбарлажээ.
“Mash” телеграм суваг онгоцонд алан хядах ажиллагаа болсон байж магадгүй гэсэн хувилбарыг дэвшүүлжээ. Украины алан хядах ажиллагааны хувилбарыг Кремльтэй ойр улс төрч судлаач Сергей Марков дэвшүүлсэн байна. “ВЧК-ОГПУ” телеграм сувагт бичсэнээр, Пригожины онгоцонд алан хядах ажиллагаа явуулсан гэх хувилбарыг илүү идэвхтэй дэвшүүлэх болжээ. “Онгоц хөөрөхөөс өмнөхөн үнэтэй дарс бүхий хайрцгийг бэлэг болгон оруулж ирсэн. Энэ хайрцагт бөмбөг байсан гэх мэдээллийг сэвж байна. Онгоцыг сайтар шалгасан. Тэр тусмаа нохдын тусламжтай” гэж онцолжээ.
Пригожин амь үрэгдсэн үү?
“Mash” телеграм суваг Орост эзлэгдсэн Запорож мужийн “ерөнхий зөвлөлийн гишүүн” Владимир Роговын хэлснийг эш татжээ. Тэрбээр “агуу хөгжимчидтэй” ярилцсан ба тэд Евгений Пригожин, Дмитрий Уткин нар амиа алдсаныг нотолсон хэмээн ярьжээ.
Пригожин, Уткин нарын цогцсыг илрүүлж, таньсан тухай “ВЧК-ОГПУ” телеграм суваг бичсэн байна. Пригожинтой ойр ажилладаг “Grey Zone” телеграм суваг “Вагнер” группийн тэргүүн, Оросын Баатар, жинхэнэ эх оронч Евгений Викторович Пригожин Оросын урвагчдын үйлдлийн улмаас амь үрэгдэв” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ энэхүү мэдэгдлийг цогцсуудыг таниулж, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа үнэн эсэхийг мэдэх боломжтой.
Үүнтэй зэрэгцэн "Важные истории" болон “Mash” телеграм суваг Пригожинтой холбоотой хоёр дахь RA-02748 дугаартай “Embraer” онгоц Москвагийн цагаар 21.00 цагт Москвагийн Остафьево бизнес нисэх онгоцны буудалд газардсан тухай мэдээлжээ. “Тус онгоц 17.19 цагт нийслэлээс Петербург руу хөөрч, 18.27 цагт буусан. Удалгүй буцаж, нийслэлд 20.02 цагт газардсан. Онгоцонд Пригожин явсан эсэх нь тодорхойгүй” хэмээн “Mash” бичжээ.
"Настоящее время" цахим хэвлэл “Вагнер” группийн тэргүүн үхсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан хоёр ч тохиолдол гарч байсныг сануулжээ. 2019 онд Пригожиныг Конгод онгоцны ослоор амиа алдсан хэмээн мэдээлж байсан бол 2022 онд Луганск мужид хөнөөсөн хэмээн мөн мэдээлж байжээ.
Тавилттай жүжиг байж магадгүй гэсэн хувилбарыг ч зарим хэвлэлүүд үгүйсгэхгүй байна. Үүрд алга болохын тулд хуурамч паспорт, шатсан онгоц – тохиромжтой л шалтаг гэж улс төр судлаач Екатерина Шульман үзэж байна гэж “The Bell” цахим хэвлэл дурджээ.
Харин Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлаг наймдугаар сарын 23-нд Пригожин амь үрэгдсэн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курскийн тулаанд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан хэмээн мэдээлжээ. “Путин найрал хөгжимтэй хамт” хэмээн постоо гарчигласан байна.
“Вагнер” группийн хувь заяа
Евгений Пригожин амь үрэгдсэн тухай мэдээлэл гарснаас хойш тус компанийн хөлсний цэргүүд Беларусаас гарах бэлтгэлээ базаж эхэлсэн тухай Украины Эсэргүүцэл үзүүлэх үндэсний төв мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллээр, наймдугаар сарын 23-ны орой Беларус дахь вагнерчууд баазаа буулгаж эхэлжээ. Цуваа Оросын хилийн зүг чиглэж байж магадгүй ба Оросын тусгай хүчнийхэн хөлсний цэргүүдийн техникийн хөдөлгөөнд саад хийхийг хичээж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.
Үүнтэй зэрэгцэн "Беларускi Гаюн" Беларуст 225 хүний багтаамжтай “Ил-76” тээврийн онгоц буусан тухай мэдээлжээ. “Вагнер” группийн дарга нарын зөвлөл шуурхай зөвлөгөөн хийсэн тухай “Главный региональный” цахим хэвлэл бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )